Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Амины орон сууцны инновац хөгжлийн төв нар хамтран "Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийн төв"-ийг нээлээ.
Төвийн нээлтэд сайд Ж.Батсуурь болон Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн захирал А.Отгончимэг нар мэдээлэл өгсөн юм.
Тус төв нь агаар, хөрс орчны бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхээр ногоон барилгын шаардлагад нийцсэн барилгын дэвшилтэт технологийн шийдлүүд, амины орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгч, амины орон сууцны нэг цонхны үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэх зорилготой.
Энэ талаар Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн захирал А.Отгончимэг "Иргэдээс энэ төв хэр хугацаанд ажиллах вэ гэдэг асуулт их ирсэн. Манай төв жилийн дөрвөн улиралд ажлын зургаан өдрөөр өглөө 10:00 цагаас 19:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөж байна.
Баригдсан байшингаа эрчим хүчний хэмнэлттэй болгох, дулаалга хийх, зуслангийн бүсэд хөрс, агаарын бохирдолгүй, ногоон амины орон сууц барихаар төлөвлөж байгаа иргэдэд зориулж зураг төслөөс нь эхлээд бүх технологийн шийдлийг танилцуулах юм.
Манай төвөөс иргэд ногоон ирээдүйг төлөвлөсөн 200 гаруй зураг төслөөс сонголт хийх боломжтой.
Мөн ногоон төслийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, тогтмол хамтарч ажиллахаар төлөвлөж байна" гэж ярилаа.
Түүнчлэн барилгын салбарт ногоон технологи нутагшуулагч 20 гаруй байгууллагын үзүүлэнгийн танхим, оффис байрлана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!