Уншиж байна ...
Зураг
Зураг

ХЗБХ: С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.18) хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны сонсголын тайлан, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан бөгөөд тэрбээр сонсгол, түүний үе шат, явуулсан ажиллагааны танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлд заасны дагуу сонсголд оролцсон гишүүд нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасан байна. Нэр дэвшигч М.Алтан-Очир, С.Энхбаатар нарыг хуульд заасан болзол, шалгуурыг хангаж байгаа тул Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

зураг
 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Х.Эрдэм-Ундрах хуралдаанд нэр дэвшигч М.Алтан-Очирын талаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн О.Бат-Эрдэнэ нэр дэвшигч С.Энхбаатарын талаар тус тус танилцуулсан юм.

Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол С.Эрдэнэболд гишүүн хууль дээдлэх зарчим, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах ажиллахыг нэр дэвшигчдэд захив. М.Нарантуяа-Нара гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Ингээд нэр дэвшигч С.Энхбаатарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн бол  нэр дэвшигч М.Алтан-Очирыг дээрх зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.