Уншиж байна ...
Зураг
Зураг

Ирэх сарын 1-нээс тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох талаар шийдвэр гаргажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гаргасан аж. 

Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.

Энэ тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх юм байна. Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ.

 

Эх сурвалж: Засгийн газар