Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Израиль-Ираны мөргөлдөөнд АНУ оролцож ч магадгүй, эсвэл үгүй ч байж магадгүй

Т.Давааням, ikon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Израиль-Ираны мөргөлдөөнд АНУ оролцох эсэх асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Хоёр улс сүүлийн зургаан өдрийн турш харилцан нэгнийхээ эсрэг агаарын довтолгоо явуулж байгаа.

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг мөргөлдөөнд тус улс оролцох эсэх талаар янз бүрийн тодорхойгүй байр суурь илэрхийлсэн байна.

Эхлээд тэр Цагаан ордны хашаан дотор тус бүр 27 метрийн өндөртэй хоёр аварга том тугийн шон нээх үеэрээ “Би үүнийг хийх эсэхийг та нар мэдэж чадахгүй. Би хийж магадгүй. Хийхгүй ч байж магадгүй. Намайг юу хийх гэж байгааг хэн ч мэдэхгүй. Миний хэлж чадах зүйл бол: Иран маш их асуудал тарьж байгаа. Тэд бидэнтэй хэлэлцээр хийхийг хүсэж байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Дараа нь Цагаан ордны зууван танхимд Ювентус клубийн хөл бөмбөгчидтэй зураг авхуулахдаа Трамп дахин Ираны асуудлыг хөндсөн байна.

“Надад юу хийх талаар төлөвлөгөө байгаа. Гэхдээ би эцсийн шийдвэрээ гаргаагүй байна. Би эцсийн шийдвэрээ нэг секундийн өмнө гаргах дуртай. Яагаад гэдгийг мэдэж байна уу? Учир нь бүх зүйл, ялангуяа дайн дажин байнга өөрчлөгдөж байдаг. Нэг туйлаас нөгөө туйл руу шилжиж байдаг юм” гэж тэр хэлжээ.

Энэ бүхнээс харвал Ираны дэглэмийг унагахад АНУ оролцох нь зөв эсэх асуудлаар Трампын хүрээллийнхэн санал нэгдэж чадахгүй байгаа бололтой.

Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын зарим хууль тогтоогчид Трампын дайнд оролцох боломжийг хязгаарлах хуулийн төсөл санаачилсан юм.

Өчигдөр бас Америкийн консерватив улс төрийн тоймч Такер Карлсон, Бүгд Найрамдах намын сенатор Тэд Крузтай хийсэн ярилцлагынхаа үеэр Израиль-Ираны мөргөлдөөнд АНУ оролцох эсэх талаар маргалджээ.

Карлсон хилийн чанад дахь өндөр өртөгтэй дайнд АНУ оролцох шаардлагагүй гэж үзэж байгаагаа ярьсан байна. Харин сенатор Тэд Круз уг мөргөлдөөнд АНУ цэргээ илгээхгүй, харин Ираны цөмийн гол байгууламжийг устгахад “бункер дэлбэлэгч” бөмбөгөө ашиглах боломжтойг хэлжээ.

13,600 кг жинтэй “Massive Ordinance Penetrator” хэмээх энэ бөмбөгийг АНУ туршилтаас өөр зорилгоор огт хэрэглэж байгаагүй юм.

“Ерөнхийлөгч уулын дор баригдсан Фордогийн цөмийн зэвсгийн судалгааны байгууламжийг онилсон бөмбөгдөлтийг зөвшөөрөх магадлал бий” гэж Круз энэ үеэр хэлжээ.

Фордогийн нууц байгууламжид Иран улс цөмийн зэвсэг бүтээж байж болзошгүй гэдэг. Энэ нь уулын дор хонгилд оршдог асар том байгууламж тул ердийн зэвсгээр устгах боломжгүй юм.

Трамп өчигдөр Ираны эрх баригчдад “үг дуугүй бууж өгөх” шаардлагаа дахин тавьсан байна.

“Нөхцөл болзолгүйгээр үг дуугүй бууж өг. Би дахиж хэлэхгүй. Үгүй бол бид тэнд байгаа бүх цөмийн байгууламжийг дэлбэлэх болно. Тэд эртнээс буруу санаа бодолтой байсан. 40 жилийн турш тэд Америкт Үхэл, Израильд Үхэл гэж хэлж байсан. Өөрсдөд нь таалагдахгүй хэнийг ч үхүүлэхийг хүсдэг байв” гэж тэр хэлжээ.

Дараа нь Трамп дахин сэтгүүлчидтэй уулзахдаа хэрвээ Ираны тал цөмийн зэвсгээсээ татгалзвал дайсагнал зогсох боломжтойг илэрхийлсэн байна.

“Бид гал зогсоохыг хүсэхгүй. Бид бүрэн ялалтыг хүсэж байна. Ялалт гэж юу болохыг мэдэж байна уу? Цөмийн зэвсэггүй болох” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: Reuters