Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүн: 18 хоногийн хугацаанд явган хүний зам дээр автомашин байрлуулсан 34 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон ч буурахгүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нийт 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилсэн ч механик гэмтэл буюу явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл тавьж байгаагаас эвдрэл ихээр үүсжээ.

Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх нэг талдаа 1.6 км, хоёр талдаа 3.2 км явган хүний замыг шинэчилж буй. Газар чөлөөлөлтийн улмаас ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

Гэвч шинэчилсэн явган зам эхнээсээ механик гэмтэл авч эвдэрч эхэлсэн. Тодруулбал хүнд даацын барилгын механизм болон машинтай иргэд явган хүний зам дээгүүр явах, байрлуулах зэргээр механик гэмтэл үүсгэж байна. Иймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтарч камерын хяналтаа сайжруулсан.

Өнгөрсөн 18 хоногийн хяналтаар тус явган хүний зам дээр автомашин байрлуулсан 34 зөрчил илрүүлж, хариуцлага тооцсон боловч зөрчлийн тоо буурахгүй байна.

Цаашид зөрчил гаргасан иргэн, ААН-үүдэд хариуцлага тооцно” гэлээ.

Ажлыг гүйцэтгэгч компанийн зүгээс үргэлжлүүлэн явган хүний замыг дуусгаж, хүлээлгэн өгөхөд их хэмжээний механик гэмтлийг засварлах нь хүндрэл учруулж байгааг хэлжээ.

Явган хүний зам дээр автомашинаар явахгүй, байрлуулахгүй байхыг уриалав.

Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, шинэчлэх ажлыг үргэлжлүүлэхдээ иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргажээ.

Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгаа аж.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг