Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Монголчуудын УНД

ikon.mn
2015 оны 2 сарын 9
iKon.MN

Монголчууд хэзээ ч түүхий ус уудаггүй. Тоосгон хэлбэрийн дөрвөлжин цайг (дугуй булант гэж тэд нэрлэдэг) хутгаар юм уу ямар нэг зүйлээр холтлон нүдэж, усанд бага багаар хийж буцалган, идээшмэгц сүүгээр сүлж, цайны хатуу амтыг зөөлрүүлэн, бас бага зэрэг давс хийж, амт оруулна. Ийнхүү цай цаг үргэлж уух унд нь болдог. 1910 аад оны үед “Монголчууд ноёнгүйгээр байж болно. Цайгүйгээр байж үл чадна” гэдэг байв.

Давс шүүж, хужир хамж байгаа нь

МАЛ АЖ АХУЙ БОЛ МОНГОЛЧУУДЫН АМЬ ЗУУЛГА

Монголчуудын амьжиргааны нэг эх үүсвэр, үндсэн ажил бол мал аж ахуй. Малын тоо нь тэр хүний болон өрхийн хэр зэрэг баян болохыг илтгэн харуулна. Нүүдэлчин Монголчууд хонийг хамгийн ихээр, удаад нь адуу, тэмээ, үхрийг өсгөдөг. Харин ямааг хамгийн цөөн байлгадаг.

Энэ бол сүргийн бүтцээ бэлчээрийн нөхцөлдөө уялдуулж ирсэн нарийн ухаан юм. Сайн тэмээ Халх Монголд олон байжээ. Харин цахарууд адууг олноор үржүүлж, Алашаагийн Монголчууд ямаа, Хөх нуурын Монголчууд үхэр сүрэг голлон өсгөхийг хичээдэг. Хонь, адууг халуун хошуут мал хэмээн дээдэлдэг бол тэмээ, үхрийг хүйтэн хошуутай хэмээн үздэг.

Амаржсан эхэд хонины шинэ шөл уулгаж тэнхрүүлдэг. Даахийг нь үргээсэн хүүхэд, шинэ айл гэр болж буй хосод зөвхөн халуун хошуутай мал бэлэглэдэг.

Ааруул тавьж байгаа нь
Сарлаг, хайнагийг унаа хөсөгт ашигладаг
Хонь ноосолж буй нь
Морь, үхэр тэрэгтэй хөсөг

ҮНДЭСНИЙ ХУВЦАС

ХХ зууны эхэн үед Монгол дээлийг босоо захтай, дөрвөлжин зөв энгэртэй, нударга бүхий урт ханцуйтай ба зах, энгэр, ханцуйн ирмэгийг нь эмжсэн, бөс даавуу болон нэхий, илгээр хийдэг байв.

Эрэгтэй хүний дээл баруун Монголд энгэр, зах, сум хормойгоороо өргөн эмжээртэй байхад буриад, дархадад энгэр нь олон өнгийн эмжээр, тоногтой байдаг онцлогтой.

Захчин
Ноёны унааг юүлэв

Эх сурвалж: Монголчууд XX зууны эхэнд /ЗУРАГТ ТҮҮХ/ ном

 

Зуу гаруй жилийн тэртээ Монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин уламжлал, удам соёлоо хэрхэн хадгалан амьдарч байв гэдгийг энэхүү номонд түүхэн гэрэл зургаар өгүүлэх юм.

Мөн XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан Монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр улсаа сэргээн төвхнүүлж байсан үйл явдлыг тодорхой харуулах болно.

Энэ бүхэнтэй уншиж танилцсанаар та Монгол хүний авхаалж самбаа, эелдэг сайхан сэтгэлийг гадаадынхан хэрхэн үнэлсэн хийгээд Монгол хүмүүс ямар саваагүй, сониуч зантай байсныг мэдэж болохоос гадна эх болсон байгаль дэлхийгээ хайрладаг хүнлэг, энэрэнгүй нүүдэлчин түмний эгэл амьдралын үнэн дүр төрхийг харах боломжтой аж.