Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХЭН ФОТО: Монгол гэр

ikon.mn
2015 оны 1 сарын 19
iKon.MN

Монгол гэр нь Монголчуудын  нүүдлийн амьдрал, эрхлэх аж ахуйд зохицсон, барьж цуцахад хялбар угсармал бүтэцтэй.  Мөн Түрэг гэрээс том тоонотой, богино шулуун уньтай, ханын эрс нь өндөрдүү байдгаараа онцлог юм.

Монгол гэр

МОНГОЛ ГЭРИЙН ТӨРӨЛ

Хулсаар дээвэрлэж хулсан өрх тавиад, ханын гадуур найлзуур бургасаар туургалсан ханын дотуур хулс, найлзуур бургас хольж туургалсан гэрийг хулсан гэр буюу барга гэр гэнэ.

Хулсан дээвэртэй, бургасан туургатай Монгол гэрт баргачууд зуны улиралд суудаг байжээ. Энэ гэр нь сэрүүхэн, бороо гоожихгүй, ялаа батгана орохгүй, нар салхинд элэгдэхгүй, эдэлгээ сайн даадаг.

Хулсан гэр
Хулсан гэрийн дотор тал
Буриад гэр. Энэ гэр нь хэлбэр бүтцийн хувьд халх гэрээс төдий л ялгаагүй ч хусан тоонотой, бургасан ханатай, хусан ац баганатай байдгаараа онцлог.

Ой хөвч тайгад суудаг Буриад Монгол зон булгаасан гэр хэмээх модон гэр барьсаар ирсэн түүхтэй. Булгаасан гэр нь эсгий гэрийн адил дугуй хэлбэртэй, харааса хэмээх тоонотой модон бүрээстэй сууц юм.

Энэ гэрийг дүнз модоор 8, 12, 16 талтайгаар заадал гарган хийдэг бөгөөд дөрвөн улирлын зориулалттай юм.  Баруун Буриад зон нэг модон гэрээс нөгөө модон гэрт тавилга эд юмаа зөөж суудаг учраас нүүдэл хийдэггүй зөөдөл хийлээ хэмээн ярилцдаг. Гэхдээ эсгий өрх тавьдаг нь эсгий туургатан гэсэн үүх түүхээ хадгалсаар буй хэрэг.

Модон гэр
Дөрвөд гэр. Увс аймгийн дөрвөд зоны суудаг Монгол гэрийг дөрвөд гэр гэнэ. Өөрсдөө “өөлд гэр” хэмээн нэрлэж иржээ. Энэ гэрийн дотуур цаваг тавьдаггүй харин туурганы хоолойд цаваг гэж нарийн урт эсгий залгаж оёдог байсан аж.
Халх гэр. Энэ гэр нь байгал газарзүйн онцлогт ихэд зохицсон, Монгол гэрийн үндсэн бүрдлийг агуулсан, Монгол улсад ихээхэн тархмал байдаг.
Эх сурвалж: “Монсудар” хэвлэлийн газраас “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” цуврал бүтээлийг эрхлэн гаргаж байгаа бөгөөд энэхүү тэргүүн боть нь гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлэгтэй. Бүлэг бүрийг гэрийн төрөл, бүрдэл, гэр барих, цуцах ёс, нүүх, ачаалахаас авхуулаад Монгол үндэстэн, ястны хувцас, тэдгээрийн төрөл зүйл, мөн мал төллөх, бод малыг уналга, эдэлгээнд сургах зэрэг сэдвийн дагуу нарийвчлан тайлбарлаж, зургаар баяжуулсан энэ чиглэлийн анхны тайлбар толь юм.