“Ав эсвэл өг”
“Миний хувьд хийж үлдэх эсвэл арчигдаж алга болох, ав эсвэл өг гэдэг дүрэм үйлчилдэг. Дүрмийг дагахаас гадна өөрөөр зохиох гэдэг зүйлийг би мэднэ” гэж жирийн л нэг Монгол залуу хэлжээ.
Энэ бол Монгол репийн хоёр дахь үеийн төлөөлөл Десант /Desant/. Тэр хамгийн түрүүнд өөрийнхөө дүрмийг өөрөө ягштал мөрдөж гэмээ нь бусдаар мөрдүүлнэ гэдгээ хэдий нь ойлгосон нэгэн. Байгаа байдал нь эсвэл хэлсэн үгс нь зарим хүнд таалагддаггүй ч байж магад.
Гэхдээ тэр бусдаас магтаал ч, шүүмжлэл ч тэр сонсох дургүй аж. Бүр хэн ч өөрийг нь шүүмжлэх эрхгүй гэж үздэг. Үүнийгээ тайлбарлахдаа “Би амьдралынхаа суурийг өөрөө цутгасан. Тоосгоо ч өөрөө өрж байна. Тиймээс үүнд хэн нэгний бодлыг тусгах албагүй” гэж хэлдэг.
Хэдийгээр Десант дуу бичлэгийн студид цагийг удаан өнгөрөөлгүй хийх зүйлээ хийчхээд явдаг ч тэнд очсон хугацаагаа үр бүтээлтэй өнгөрөөдөг нэгэн. 2000 оны эхэн үеэр уран бүтээлээ хийж эхэлсэн ч тухайн үед хийсэн бүтээлүүд нь хүн бүрт хүрч байгаагүй. Харин дотны найзуудтайгаа байгуулсан “Гангста сервис” /Gangsta servise/ бүлгийн дуунууд нь 2006 оноос хип хоп сонсогчдын сонирхлыг татаж эхэлсэн.
Тухайн онд тэрээр “Клик клик бүүм” /Click Click Boom/ бүлгийн нэг хэсэг болсон юм. Дөнгөж хорин насны босго давж яваа арван залуу уулзаад нэг бүлэг болж хамтдаа уран бүтээл хийх шийдвэр гаргасан гэдэг. Хэрэв тэд ирээдүйг харж чаддаг байсан бол наймхан жилийн дотор ямар их зүйлийн ард гарснаа хараад бахархах байсан биз.
Энэ цаг үеэс хойш Десант харьяалагддаг хоёр бүлгийнхээ хэд хэдэн цомгийн ажилд оролцсон. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд “Хастла Мюзик” /Hustla musiс/ төслийг хэрэгжүүлсэн. Уг төслөөс Блайк /Black/, Мэх захгүй зэрэг олон уран бүтээлчид төрөн гарсан юм. Дээрх төслийг хэрэгжүүлэхдээ Десант өмнөхөөсөө шат ахисан гэж хэлэхэд болно. Яагаад гэвэл “Хастла Мюзик” /Hustla musiс/ төслийн удирдагч, продьюсер болон зарим ажлын санхүүжүүлэгч нь тэр байв.
Түүнтэй хамтарч ажилладаг уран бүтээлчдийн нэг болох Жакүүл /Jacool/ хэлэхдээ “Цаадах чинь цаг, төлөвлөгөөгөө дагаж ажилладаг. Ажил хэрэгч зан чанартай хүн. Эр хүний хувьд сайн аав. Бас сайн найз даа” гэсэн юм.
Ер нь Десант төлөвлөгөө гаргаж үүнийгээ цагийн хуваарийн дагуу амжуулахдаа зарим зүйлийг алддаг байж болох юм. Учир нь энэ чинь Монгол шүү дээ. Заримдаа түүний төлөвлөгөөнд багтсан хүмүүс цаг баримтлахгүй эсвэл зүгээр л хийж байгаа зүйлээ орхидог байж мэдэх юм. Гэхдээ тэр эдгээрийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэж, төлөвлөсөн зүйлээ цагтаа дуусгадаг зантай.
Авьяастай залуусыг олж тэднийг өөрсдийнх нь өнгө аясаар нээснээр мөнгө олж болно гэж үздэг.
Одоо тэрбээр “Байк яард” /Backyard/ нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд хэд хэдэн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Мань эр хийж байгаа бүтээлүүдээ мөнгөнд зориулж хийдэггүй. Авьяастай залуусыг олж тэднийг өөрсдийнх нь өнгө аясаар нээснээр мөнгө олж болно гэж үздэг. Энэ тухайгаа “Гудамжинд үглээд зогсож байгаа авьяастай жаалд боломж олгох нь миний хийхийг хүсдэг зүйл” гэж ярина. Энэ нь ч аргагүй биз. Өөрөө яг тэр цэгээс эхэлж хийсээр одоо байгаа суурин дээрээ ирсэн юм чинь.

Олны мэдэх Десантад эцэг эхээс өгсөн нэр нь Г.Батболд. Энэ залуу 1988 онд Завхан аймгийн Яруу суманд төржээ. 1998 он хүртэл буюу дөрөвдүгээр ангид орох хүртлээ сумын төвд сургуульдаа сурч зуны амралтаараа мал дагаж явсан нэгэн. Ингээд 1998 онд нийслэлд шилжин суурьшсан байна. Десант болон Г.Батболд хоёрын дунд тодорхой ялгаа бий. Нэг хүний хоёр тал гэсэн үг л дээ. Г.Батболд бол түүний гэнэн томоогүй бага нас. Харин Десант бол түүний өөрчлөлт буюу нас бие, үзэл бодол төлөвшсөн эр хүн юм. Насанд хүрч өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ тайзны нэрээ ашигладаг болсон болохоор тэр.
Реп дуунд ёс бус хэллэг агуулагддаг. Десантийн бүтээлд ч ялгаагүй. Харамсалтай нь түүнийг сонсдог өсвөр үеийнхэн үүнийг шууд тусгаж авах тохиолдол цөөнгүй. Ингээд репперүүд эцэг эхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарахад хүрдэг. Энэ бол аль ч улсын реп хөгжмийг тойрсон асуудлуудын нэг л дээ.
Гэмт хэрэг түүний золиос болж буй хүүхэд, эмэгтэйчүүд эсвэл архидалт хавтгайрч буй гэр хорооллын талаар дуулахад уран яруу үг хэллэг хэрэглэх нь хэр зохимжтой байх бол. Нөгөө талаар, нийгэмд байгаа тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэж буйгаа хатуу үгээр хэлэх нь магадгүй илүү олон хүний чихийг онгойлгоно.
Харамсалтай нь хүмүүс түүнийг дууных нь хэллэгээр шууд тусгаж авах нь бий. Энэ нь мэдээж өөрт нь таалагддаггүй. Муу зүйлийг байгаагаар нь харуулж байж таны анхаарлыг тухайн асуудалд хандуулах нь тэр болоод түүний хүрээллийн гол зорилго. Магадгүй өсвөр үеийнхэн маань реп дуунд авах гээхийн ухаанаар хандах нь зөв болов уу.
Десант “Хүчил төрөгчийг би хөгжмөөс авч сурсан” гэж дуулдаг. Энэ нь түүний амьдралын салшгүй нэг хэсэг буюу ажил нь хөгжим болсонтой холбоотой. Тэр бол Монгол репийн хоёр дахь үе. Тэдний өмнө “Дайн ба Энх” тэргүүтэй хэд хэдэн хамтлагууд эрэмбэлэгддэг.
Харин одоо хорь гарч яваа репрүүд энэ урлаг руу татагдан орсон шалтгаан нь хоорондоо их төстэй. Бүгд л гадаад, монгол хамтлагуудын дууг фм-ээс “кассет”-нд буулгаж урагш, хойш гүйлгэж үгийг нь бичиж аваад даган дуулдаг байв. Г.Батболд гэх хүү ч ялгаагүй ингэж л хөгжимд татагдан орсон нэгэн. Гэхдээ найзууд нь реп сонсчхоод тухайн дууныхаа үйл хөдлөл, үг хэллэгийн талаар ярьдаг байсан бол манай залуу дууны утгыг нь ойлгохыг хичээж байсан гэдэг. Энэ бол хэлбэрт биш агуулгад анхаарлаа хандуулдаг реппер Монголд бэлтгэгдэж байсан үе юм.
Өдгөө Десант бие дааж студийн хоёр цомог гаргаад байна. Дуу болгон нэг санааг хэлдэг ч хамгийн их давтагддаг зүйл нь “жинхэнээрээ” \өөрийнхөөрөө\ байхыг хүмүүст уриалдаг. “Өнөөдрийн нийгэмд хүн өөрийнхөөрөө амьдрах боломж 12 хувь байна. Үүнийг улс төр, мөнгө бий болгосон. Мөнгө намайг өөрчилж чадаагүй ч, миний эргэн тойрныг өөрчилсөн” гэж тэр ярьдаг. Тийм ч учраас тэр хаана ч өөрийнхөөрөө байдаг нэгэн. Өөрийнх нь үзэл бодол түүний хувьд “үл хөдлөх хөрөнгө”.
Тэрээр саяхныг хүртэл амандаа үргэлж шүдэнз зууж явдаг байлаа. Сонсогчид нь шүдэнз зуулгүй авахуулсан зургийг нь “Их гоё гарчээ. Гэхдээ шүдэнз зуусан бол бүр гоё байх байлаа” гэсэн агуулгатай сэтгэгдэл хүртэл үлдээнэ гээч. Яагаад үргэлж шүдэнз зууж явдаг байсан талаар нь түүнээс асуухад “Дээр үеийн орос шүдэнз их гоё шүүстэй ч юм шиг санагддаг байсан. Тэгээд л үргэлж зууж явдаг байсан. Харин сүүлийн үеийн шүдэнзний модны чанар муудаад байхаар нь больчихсон” гэж хариуллаа. Түүнээс гадна тэр ямар ч зүйлд ганцаараа явдаггүй сонин зуршилтай. Хол ч бай ойр ч бай заавал найз эсвэл дүүтэйгээ хамт явдаг. Хачирхалтай ч гэмээр зуршил байгаа биз.

Өдгөө тэрээр хүүхдийн аав, айл гэрийн ноён нуруу болжээ. Бусад залуу аав нарын адил гэр бүлийнхээ төлөө байдгаараа хичээнэ. Гэхдээ яаж ч хичээгээд хоол хийж сурахгүй байгаа талаараа найзууддаа хуучилна. “Зарим зүйл бол чиний бүх зүйл” гэж тэр дуулна.
Түүний хувьд зарим зүйл гэдэг нь гэр бүл, найз нөхөд. Хамгийн их айдаг зүйл нь тэднийг алдах. Товчхондоо бол Десант өөрийн хүрээг, өөрийн үгээр хамгаалж яваа нэгэн юм. Мэдээж тэр өөрийн эмэгтэйгээ олсон учраас уран бүтээлдээ хайрын сэдвийг огт тусгадаггүй. Хайр гэдэг зүйлийг бодитоор мэдэрч яваа нэгэн. Тиймээс заавал дуугаар хайртайгаа хэлэлгүй хамт байхдаа үйлдлээрээ харуулчихдаг биз. Түүнээс хүмүүсийн ойлгодог шиг цээж нь хоосон хүн биш аж.
2 Pac, Biggie-ийн сөргөлдөөнийг олон уншигч санах байх. АНУ-ын реп хөгжим баруун, зүүн эрэг гэж хуваагдаж байсан үе. Үүнтэй төстэй ч гэмээр зүйл өдгөө Монголд бий болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Гэхдээ АНУ-тай харьцуулах хэмжээний хурцадмал биш л дээ. Зүгээр л бага наснаасаа реп хөгжимд дурласан хүүхдүүдийн нэг хэсэг нь гэр хороололд өсөж нөгөө хэсэг нь хотын төвд өссөнөөс улбаатай зөрчил. Нэг нь Хотын төв гэж дуу хийнэ. Нөгөө нь Гэр хороолол гэж дуу хийнэ. Энэ зөрчилдөөн Десантийн харьяалагддаг “Клик клик бүүм” /Click Click Boom/ бүлэг болон “Ванкуйш” /Vaquish/ хамтлагийн дунд голлон өрнөсөн. Тэдний хэнд нь буруу өгөх билээ дээ. Хэн ч байсан өссөн орчноо хамгаалах нь тодорхой. Гол нь хэн нь эхэлсэнд л учир бий. Энэ бол зөвхөн дуу хөгжмөөр дамжуулж болсон зөрчилдөөн гэдгийг сануулах нь илүүц биз. Гэсэн хэдий ч Десант тэднийг огт үгүйсгэдэггүй. Бүр хүлээн зөвшөөрнө гээч. “Монгол репд олон өнгө байх хэрэгтэй. Тэд биднээс ялгаатай. Гэхдээ тэд ч, бид ч байж гэмээ нь Монголд реп илүү хөгжинө” гэж үздэг. Энэ ч утгаараа тэр Монгол репийн ирээдүйг маш гэгээлгээр буюу өндөр төвшинд хүрч чадна гэж төсөөлдөг. Гэхдээ тооноос чанарт шилжих нь хамгийн эхний алхам гэж үздэг.
Десантийг хар арьст репперүүдийг хэт хуулбарладаг гэж шүүмжилдэг хүн олон. Гэхдээ тэр үүнийгээ байж болох зүйл гэж үздэг. “Монголын үндэсний бүжгийг брек дээнстэй /Break dance/-тэй хэтэрхий хольчихвол үндсэн утгаа алдана. Мэдээж харь соёлд өөрийн зүйлээ нэмж нутагшуулах зүйл байлгүй яахав гэхдээ хэтрүүлж болохгүй. Яг үүн шиг репийг хэт өөрчлөх хэрэггүй” гэж тэр хэлж байсан удаатай. Ер нь ч дуунууддаа энэ үзлээ тодорхой буюу “Бөмбөрцгийн маань соёл хаашаа явна түүнийг дагаж хөгжинө. Бүгдийг авдаггүй юмаа гэхэд өөхнөөс хэд хэрчинэ” гээд хэлчихсэн л дээ.
Монголд реп хийгээд мөнгө олж байна уу? гэсэн асуулт түүнд нэг бус удаа ирдэг байх. Мэдээж ийм зах зээлд тийм ч их мөнгө хийж чадахгүй. Тиймээс тэр уран бүтээлээс гадна хэд хэдэн төрлийн “зүйл” хийдэг. Үүнийгээ тэр “Хастл” /Hustle/ хэмээн нэрлэдэг. Энэ нь толь бичигт луйвар гэж буух боловч гудамжинд хийдэг наймаа гэх утгаараа өргөн хэрэглэгддэг. Түүнээс гадна тэр удахгүй “Ди сайз” /D-size/ нэртэй хувцасны брэнд гаргахаар ажиллаж байна.
Ирээдүйд тэр өөрийн гэсэн хэрэм \цайз\ босгох зорилготой. Энэ нь реп хөгжим хийдэг өөрийн хүрээллийг илүү өргөжүүлж, чадавхижуулах гэсэн агуулгатай аж.
Харин мөрөөдөл нь “Хийхээ хийчхээд, үр хүүхдээ сайн явааг нь харж эхнэртэйгээ хамт халуун цай уух” гэнэ. Харин дуугаараа хэлж байгаа үгсийг нь хэн ч тоохоо байвал үүнийг хийхээ больчхож болно гэдгээ ч хэлдэг юм.
Бичсэн: Ч. Энхчулуун
https://www.facebook.com/mrDesant-с нийтлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
