Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

“Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсаны “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээлээ.

Төрийн тэргүүний зарлигаар өмнө нь аль нэг бүтээлд энэхүү шагналыг олгож байсан ч энэ удаагийнх дууны урлагт олгож байгаагаараа онцлог юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Хонхны дуу” мөнхийн бүтээл

Өнөөдрөөс яг 25 жилийн өмнө тэр үеийн Хүүхэд залуучуудын ордны өмнө Монголын ардчилсан холбооны залуучууд тэр үеийн улс төрийн товчоо ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж анхны цуглаан хийсэн. Тэр цуглаан дээр анх удаа С.Цогтсайхан агсны үг, аяыг нь бичсэн “Хонхны дуу” дуулагдаж байлаа.  Тэр цуглааныг нээж би үг хэлж байсан.

Төрийн соёрхолыг бүтээлд олгодог. Өмнө ч тийм уламжлал байсан. Дөрвөн мөртэй шүлэгт хүртэл олгож байлаа. 20-р зуунд хүйтэн дайн гэж байх үед нийгмийг өөрчлөх, хувьсгалд дуудсан дуунууд зохиогдож байсан.

“Хонхы дуу” шиг ийм гайхамшигт өөрчлөлт нийгэмд авчирсан, бүрэн утгаар нь гаргаж чадсан сүлд дуу монголд байхгүй.

Гэхдээ “Хонхы дуу” шиг ийм гайхамшигт өөрчлөлт нийгэмд авчирсан, бүрэн утгаар нь гаргаж чадсан сүлд дуу монголд байхгүй.

“Хонхны дуу” нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн мөнхийн бүтээл болж, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгааг шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэн хэлсэн.  

Энэхүү шагналыг талийгаач С.Цогтсайханы гэргий Н.Наташа, хүү Ц.Түшиг болон “Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр нар гардсан юм. 


 

С.Цогтсайхан агсаны гэргий Н.Наташа: Ийм үйл явдал болно гэж зүүдэлсэнгүй  

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол олгосон явдалд манай гэр бүлийнхэн баяртай байна. Ийм үйл явдал болно гэж зүүдэлсэнгүй.  

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдөр Цогоогийн минь гэрэлт хөшөөг босгож, зохиосон дуунд нь Төрийн соёрхол олгосон нь түүхэн, мартагдашгүй үйл явдал болж байна. 

Зохиогч нь байхгүй ч “Хонхны дуу”-нд шагнал олгож байгаа нь шинэлэг үйл явдал гэдгийг сая Ерөнхийлөгч маань хэллээ. Талийгаач нөхөр маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг анх энэ хувьсгалд орсон үеэс л ойр дотно байж, ойлгож, мэдэрч, тусалж явсныг би сайн мэднэ.

Хань минь өнгөрөөд 10 жил болсон ч хоёр хүүхдэд маань Цогоог минь байгаа юм шиг энэ хэдэн жил тусалж ирлээ. Аавынх нь оронд аав болж, эрдэм боловсролд нь анхаарч байдагт талархаад баршгүй. Дотны анд, журмын нөхөр нь энэ хорвоод байхгүй ч ар гэр, үр хүүхдэд нь сайхан сэтгэлээр хандаж байдаг хүнлэг Ерөнхийлөгчдөө гэр бүлийнхээ өмнөөс дахин дахин баярласнаа илэрхийлье.    


 

“Хонх” хамтлагийн дуучин Н.Энхбаяр: Энэ дууг Хөгжмийн зохиолчдын эвлэлийн зааланд зохиож байлаа 

Би “Хонхны дуу”-г хэзээ нэгэн цагт Төрийн соёрхол авах байх гэж зүүдлээгүй биш, бодож явсан. Ялангуяа ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд энэ үгийг олон хэлж байна.

Энэ дуу яалт ч үгүй ардчилалын сүлд, олон түмэнд түгсэн дуу. Надтай маргах хүн байхгүй байх. Энэ дуу анх Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны зааланд бичигдэж байсан.

“Хонхны дуу”-г бүтээхэд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн туслалцаа их байсан. “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Цолмон, даралтат хөгжимчин Батболд, басс гитарчин Дамдинсүрэн нар надтай хамт анх тоглосон. Энэ бол та бүгдийн баяр гэж хэлмээр байна.