Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шил хагал, эсвэл үх

Х. Батсайхан
2014 оны 10 сарын 8
Монголын мэдээ
Зураг зураг

Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн зургадугаар сард УИХ-аар хэлэлцэгдсэн ч одоо болтол батлагдаж амжаагүй байна.

Хууль батлагдалгүй “гацсан” энэ хугацаанд “Шангрила” зочид буудлын барилга шатав. Хууль батлагдаагүйгээс болж гал гарна гэж байхгүй л дээ.

Гэхдээ шинэ хуулинд галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой барилгын дүрэм, норм, стандарт хоорондын уялдааг хангах асуудлыг тусгаж өгсөн учраас шаардлага хангахгүй барилгад зориулалтын бус үйлчилгээ явуулдаг байдал хумигдаж, гал гарсан ч гэсэн гарах хохирлын хэмжээ багасах ач холбогдолтой юм. Ийм чухал ач холбогдолтой хууль тодорхой бус шалтгаанаар гацсаар Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын тавдугаарт бичигдэж орж ирээд байна.

Барилгын норм, стандартыг шинэчилснээр олон хүн цуглардаг үйлчилгээний газрууд цэгцрэх боломж бүрдэх юм. Саяхан Онцгой байдлын ерөнхий газраас ЕБС-иудад шалгалт явуулахад ихэнх нь хангалтгүй дүн авсан гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл зайлшгүй анхааралдаа авах бас нэг газар нь шөнийн цэнгээний газар юм.

Гадны гашуун туршлагаас харахад, стандартын шаардлага хангаагүй барилгад байрласан шөнийн цэнгээний газрууд л галд өртдөг, өртсөн тохиолдолд гарах хохирлын хэмжээ их байдаг. Мексикийн Хорхе Орсед гал гарахад 110 хүн, ОХУ-ын “Доголон морь” цэнгээний газарт гал гарахад 156 хүн, Бразилийн “Кисс” шөнийн клубт гал гарахад 233 хүн амь насаа алдсанаас үүнийг харж болно. Энэ бүх гал бидэнд тун ч сургамжтай.   

Гал гарсан газрууд нь залуучууд, цэнгээний газар олонтой хотууд байсан. Манай Улаанбаатартай энэ талаараа ижилхэн. Бараг бүх гал пиротехникээс болж гардаг. Манай цэнгээний газрууд ядмагхан үзүүлбэрээ пиротехникээр өөд татах гэсэн оролдлогыг байнга хийдэг нь цаанаа ямар их эрсдэл дагуулж байдгийг энэ явдал харуулж байгаа юм. Мөн бараг бүгд шахам стандартын бус барилгад үйл ажиллагаа явуулж байсан байдаг юм.

Үйлчилгээний газар нь дор хаяж хоёр гарцтай байх ёстой, бас гарах хаалганы ойролцоо өөр өрөө рүү ордог хаалга аль болох байлгахгүй ёстой юм байна.

Үйлчилгээний газар нь дор хаяж хоёр гарцтай байх ёстой, бас гарах хаалганы ойролцоо өөр өрөө рүү ордог хаалга аль болох байлгахгүй ёстой юм байна.

Бразилийн цэнгээний газарт ариун цэврийн өрөөний хаалга гарах хаалгатай зэрэгцээ байрласнаас болж 50 гаруй хүн хаалгаа андууран нүд аньцгаасан байдаг. Тэд түлэгдэж биш, хорт утаанд угаартаж нас барсан гэдгийг бид хамгийн түрүүнд анхаарвал зохино.

Манайд үйл ажиллагаа явуулж байгаа баар цэнгээний газруудын ихэнх нь “огтотны нүх” шиг юм байдаг. Хэрвээ үүднээсээ эхэлж шатвал дотор байгаа хүмүүс бүгд өнгөрлөө гэсэн үг. Дайраад гарлаа гэхэд түлэгдэнэ. Зүгээр гарах боломж л лав байхгүй.

Тиймээс ийм газруудыг хаах хүртэл арга хэмжээ авахад буруудахгүй. Ухаантай хүн хүний алдаанаас суралцдаг гэдэг шүү дээ. “Кисс” шөнийн цэнгээний газарт гарсан галын дүгнэлт гарсны дараа Бразилд 150 гаруй баар, цэнгээний газрууд хаагдсан байдаг. Тиймээс хуулиа хурдхан батлаад олон хүний амь насанд хүрэх эрсдлийг агуулж байгаа баар цэнгээний газруудыг цэгцлэх хэрэгтэй байна.

Үйлчилгээ эрхлэх гэж байгаа газрууд Онцгой байдлын албанаас галын дүгнэлт гаргуулж авдаг юм билээ. Тоног хэрэгслээ ч шилэн хоргонд хийгээд тавьчихсан байдаг. Гэвч цоожилчихсон байдаг учир авахын тулд заавал шил хага цохих хэрэг гарна. Гал гарч байхад түлхүүр хайгаад гүйж таарахгүй шүү дээ. Тиймээс азгүй амьтан “Шил хагал эсвэл үх” гэсэн сонголттой нүүр тулдаг юм.

Зарим байгууллагууд бүр төмөр сараалжин хаалттай хоргонд байрлуулсан байх нь ч бий. Тэгвэл тэгээд л өнгөрөх нь тэр шүү дээ. Байгууллагууд галын хэрэгсэлтэй хоргоо цоожилдог шалтгаанаа “Хулгай авчихаад байдаг юм” гэж тайлбарладаг. Энэ байдал нь галын хэрэгслийг гал унтраах гэж биш, үзүүлэн маягаар тавьдгийг нь нотлоод байдаг юм.

Зураг