Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Батмагнай: УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулиас гадуурх шаардлага тавьж байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хуулиас гадуурх шаардлага тавьж байна гэсэн юм. 

С.Ганбаатар гишүүний хувьд ТЕГ-ын улсын байцаагч Оюу Толгой компанид тавьсан 130 сая долларын торгуулийг Маргаан таслах зөвлөл ямар шалтгааны улмаас 30 сая доллар болгож бууруулсныг мэдэхийг хүсчээ.

С.Ганбаатар гишүүн намрын чуулганы эхэлсэн энэ өдрүүдэд гэнэт асуудал болгож гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Оюу Толгой компанийн татвартай холбоотой бүхий л баримт бичигтэй танилцахыг хүссэн аж. Гэвч энэ нь хуулиас гадуурх үйлдэл бөгөөд компанийн нууцын зэрэглэлийн асуудал гэж Т.Батмагнай дарга мэдэгдлээ. 

Гэхдээ С.Ганбаатар гишүүн энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулаад, ажлын хэсгийн шийдвэрийн дагуу Оюу Толгойн татварын бичигт баримттай танилцах хүсэлт гаргавал бид зохих журмын дагуу баримтуудыг үзүүлж болно гэсэн юм. 

Мөн Оюу Толгой компанид ногдуулсан 130 сая долларын торгуулийг 30 сая болгосныг Маргаан шийдвэрлэх зөвлөл өнгөрсөн есдүгээр сарын 12-нд мэдээлсэн. Гэтэл С.Ганбаатар гишүүн намрын чуулганы эхэлсэн энэ өдрүүдэд гэнэт асуудал болгож гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. Энэ бол цэвэр улс төрчийн шоу гэж хэлмээр байна гэлээ. 
 


 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

Харин С.Ганбаатар гишүүн дараах байр суурьтайгаа байгаа юм.

-Би УИХ-ын гишүүн. Хуулиараа ямар ч мэдээллийг авах ёстой. Ард иргэдээ төлөөлөөд энэ асуудлыг ярих ёстой, мэдээлэл авах эрхтэй. 

130 сая ам доллар 30 сая ам доллар болсоноор цаана нь 100 сая ам доллар буюу 184 тэрбум төгрөг үлдсэн гэсэн үг. Энэ мөнгөөр багш, эмч нарын цалинг, хүүхдүүдийнхээ хоолны мөнгийг, тэтгэврийн насны хүмүүсийнхээ тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж бий. 

130 сая ам.долларын акт яагаад 30 сая болоод буурсан бэ гэдэг асуултад хариулт алга.

Энэ боломжийн төлөө Татварын маргаан таслах комиссын протокол шийдвэр, аудио бичлэг зэрэг бүх мэдээллийг авъя гэсэн. Татварыг бууруулсан нь үнэхээр болохгүй зүйл гэдгийг ил гаргахыг зорьсон.

Энэ мэдээллийг ил тод болгож, 34 хувийг нь эзэмшиж байгаа монголын ард түмэнд тодорхой болгохыг хүсч байна. Тиймээс ирэх долоо хоногт сэтгүүлчдийг байлгаж байгаад Оюу Толгойд шалгалт хийсэн 24 улсын байцаагч болон төрийн төлөө үнэнчээр ажиллах боломжийг өгөхгүй байгаа ТЕГ-ын дарга Т.Батмагнай, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Ганбат нарыг байлгаж байгаад ард түмэнд нээлттэй мэдээлнэ

100 сая ам.долларыг хүчингүй болгоно гэдэг нууцаар шийддэг асуудал биш. Авлигатай тэмцэх газарт өгнө. 130 сая ам.долларын акт яагаад 30 сая болоод буурсан бэ гэдэг асуултад хариулт алга.