Нийслэлийн Захирагчийн ажлын алба Азийн сантай хамтран өнгөрсөн онд гэр хорооллын 87 хорооны амьдрах орчны зураглалыг хийсэн.
Тэгвэл энэ онд нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газартай хамтран орон сууцны 65 хорооны газрын зураглалыг хийсэн байна.
Зураглал хийх нь ямар ач холбогдолтой талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Эдийн засгийн хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Б.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газартай хамтран орон сууцны 65 хорооны газрын зураглалыг хийсэн гэсэн. Зураглалд юуг тэмдэглэсэн бэ?
-Өнгөрсөн онд хийсэн амьдрах орчны зураглалын үргэлжлэл болох 65 хорооны зураглалыг хийх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм. Үүний дагуу өнгөрсөн зургадугаар сард амьдрах орчны зураглалыг хийж эхэлсэн.
Энэ хүрээнд Захирагчийн ажлын алба дүүрэг, хороо зэрэг нэгжээс бүх мэдээллийг авах ажлыг хийсэн бол манай байгууллага тэр дүн мэдээлэлд анализ, дүн шинжилгээ хийх ажлыг хийсэн.
Харин нэгдсэн дүнг хоёр байгууллага хамтран Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулна. Энэ нь оршин суугчдын амьдрах орчныг сайжруулахын зэрэгцээ хэрэгцээ, шийдвэр гаргагч төвшнийхэн, нийтийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлууд, иргэдийн амьдралд нөлөөлөх төлөвлөлтийг хийх боломжийг бүрдүүлэх юм.
Энэхүү иргэдийн оролцоотой хийсэн амьдрах орчны зураглалд автозамын сүлжээ торон гарц гаргах боломжит газар, автомашины ил зогсоол, гудамжны гэрэлтүүлэг, үерийн аюултай ус тогтдог бүс, албан бус хогийн цэг, сул шороон хөрстэй газар, байрны дундах тоглоомын талбай, зам тээврийн осол, гэмт хэрэг ихээр гардаг цэгүүд тэмдэглэгдсэн юм.
Ер нь автомашины зогсоол, сул шороотой газар, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайн хүртээмж зэрэг бүхий л асуудлын мэдээлэл багтсан гэж ойлгож болно. Ус тогтдог талбайн хэмжээ ч багтаж байгаа.
-Зураглал хийх нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Зураглал хийснээр хаана, юу хэрэгтэй байгаа нь тодорхой болдог. Тухайлбал, Цэцэрлэгт хамрагдсан хүүхдийн тоо болон хамрагдаж чадаагүй хүүхдийн тоо гарч ирнэ. Зураглал хийсэн 65 хороонд 14 мянга 229 хүүхэд цэцэрлэгт явдаг байгаа юм. Энэ тоог хэсгийн ахлагчид хорооныхоо Засаг даргад уламжлан, улмаар цааш нь Захирагчийн ажлын албанд хүргүүлж байгаа.
Осол гэмтэл гардаг 615 хэсэг байна гэж гарсан. Ингээд осол хамгийн их гардаг болон хамгийн бага гардаг хороог тодорхойлсон.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Азийн сантай хамтран өнгөрсөн онд гэр хорооллын 87 хорооны амьдрах орчны зураглалыг хийсэн. Уг газрын зураглалын үр дүнд 11 бага сургууль, цэцэрлэгийн комплеск барилга болон бие даасан есөн цэцэрлэгийн байгууламж барих хөрөнгийг энэ оны төсөвт суулгаж чадсан.
-Зураглалаар гэрэлтүүлэг, албан бус хогийн цэг зэргийг тодорхойлж болох уу?
-Гэрэлтүүлгийн тухайд гэвэл иргэд болон хэсгийн ахлагч нар гэрэлтүүлэг хийх ёстой байршлыг тодорхойлсон. 65 хороонд нийтдээ 1454 гэрэлтүүлэг байршуулах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Гэхдээ энэ нь албан бус тоо. Учир нь хэсгийн ахлагч болон иргэдийн хэлсэн санал. Үнэхээр гэрэлтүүлгийн асуудлыг шийдэхээр зориод төлөвлөгөө гарган нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлвэл гэрэлтүүлэг байршуулах шаардлагагүй газар байж болох юм.
Мөн байрнуудын орцны өмнө ус тогтдог томоохон асуудал байдаг. Амьдрах орчны газрын зураглалд тэмдэглэгдсэнээр бол 65 хорооны 502 цэгт ус тогтдог аж. Албан бус хогийн цэг гэж байх ёсгүй асуудал. Гэтэл ийм хогийн цэг нэлээд олон болсон. Тухайлбал, Албан бус хогийн цэг хамгийн ихтэй дүүрэг нь Баянгол дүүрэг байх жишээтэй.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн I хороо 21 хогийн цэгтэй байна. Тэгвэл энэ мэдээллийн дагуу тухайн дүүргийн удирдлагууд арга хэмжээ авч болох юм. Мөн албан бус хогийн цэггүй хороод ч бий. Энэ нь бас сайшаалтай зүйл учраас мөн тэмдэглэн оруулж байгаа. Мөн 270 цэгт ногоон байгууламж хийх шаардлагатай гэсэн мэдээлэл бий.
-Тоглоомын талбайн тоо гарсан уу. Хүртээмж нь хангалттай байж чадаж байгаа болов уу?
-Тоглоомын талбайг тоолоод тухайн хэсгийн нийт хүүхдэд хуваахаар нэг тоглоомын талбайд хэдэн хүүхэд ногдож байгаа нь гарч байгаа юм. Зарим хэсэгт 70 хүүхэд нэг тоглоомын талбайд ногдож байхад зарим хэсэгт 2700 гаруй хүүхэд ч ногдох тохиолдол байна. Бидний зүгээс нэг тоглоомын талбайд 400 хүүхдийг хамруулья гэж үзсэн.
Манайд нэг тоглоомын талбайд хэдий хэмжээний хүүхэд тоглох вэ гэсэн стандарт байдаггүй. Тиймээс бидний зүгээс нөхцлөө сайжруулаад 300 хүүхдийг нэг талбайд тоглуулахад хаана, хэдэн тоглоомын талбай хэрэгтэй байна вэ гэдгийг тодорхойлж үзсэн. Ингэхлээр зарим хороонд долоон тоглоомын талбай барих шаардлага гарч байна.
-Эдгээрээс гадна гэмт хэрэг, тээврийн осол их гарч байгаа хэсгийг ч тодорхойлсон гэж байсан?
-Байрны булан ч юм уу нэг өнцөг дээр машин эргэхдээ аваар хийх болон дээрэм гэх мэт олон зөрчил бий. Тэр болгоныг хэсгийн ахлагчид тодорхойлсон. Нийтдээ осол гэмтэл гардаг 615 хэсэг байна гэж гарсан. Ингээд осол хамгийн их гардаг болон хамгийн бага гардаг хороог тодорхойлсон. Бидний зүгээс тайлангаа гаргаад, нийслэлийн удирдлагуудад танилцуулахад бэлэн болсон байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!