Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Буриад-Монголын автономийн газар нутгийг тав хувааж задалсан эмгэнэлт түүх

Б.Барс
2014 оны 9 сарын 29
Зууны мэдээ
Зураг зураг

1923 онд байгуулагд­сан ЗХУ-ын Буриад-Монголын автономийн газар нутгийг тав хувааж задлах тухай шийдвэр Москвад ид хэлмэгдлийн үед буюу 1937 оны есдүгээр сарын 26-нд гарч, буриад зоныг зөвлөлт засгийг эсэргүүцсэн, нармай Монголын үзлийг дэвэргэсэн, Японы милитаристуудтай хуйвалдсан хэмээн олноор нь хэлмэгдүүлж эхэлжээ. Энэ өдрийг буриадууд түүхэн дэх хамгийн аймшигт хар өдөр хэмээн эмгэнэн дурсдаг билээ.

Тэрхүү шийдвэрийн улмаас Буриад-Монгол нийт нутаг дэвсгэрийнхээ гуравны нэгийг алдаж, тус автономийн Ольхоны дүүрэг Эрхүү муж, Улаан Ононы дүүрэг Читийн мужид хамаарах болсон юм.

Хамгийн гол нь Байгал нуурын баруун эрэг хавийн нутгаа бараг тэр чигт нь Эрхүү мужид алдахад хүрчээ. Уг нь 1937 оноос өмнө Байгал нуурын эрэг хавийн нутгийн бараг 80 хувь нь Буриад-Монголд хамаарч байжээ.

Буриад-Монголын бүх удирдах албан тушаалтнууд баривчлагдан ихэнх нь цаазлуулжээ. Олон мянган буриад хүн хилс хэргээр цаазлуулж, шоронд хоригдох ял сонссон юм.

Хэлмэгдлээс дайжин элэг нэгт Монголыг зорьсон хүмүүс ч ЗХУ-ын дарамтаар баригдан шийтгүүлж байв. Энд тэмдэглэхэд, хэдхэн жилийн өмнө Эрхүү мужийн Усть-Ордын, Чит мужийн Агын Буриадын автономит тойргуудыг татан буулгасан юм. Үүнийг буриадууд хүчтэй эсэргүүцсэн ч яаж ч чадаагүй.

77 жилийн тэртээ болсон эмгэнэлт хар өдрийг Буриад улсын нийслэл Улаан-Үдэд эргэн дурсан хэлмэгдэсдийн хөшөөнд цэцэг өргөж, цуглаан хийсэн байна.

Зураг