-Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд /2014.09.04/-
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслийн хамт хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.
2009 онд баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулиар Монгол Улсын иргэн тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, бэлэн мөнгө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр хэлбэрээс сонгон хувь хишиг хүртэх болсон. Улмаар 2010 онд иргэн бүрт 120 мянга, 2011 онд сар болгон 21 мянган төгрөг олгосон билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд Хүний хөгжил сан төсөв хооронд өглөг үүсгэж, байгуулагдсан цагаас хойшхи нийт өр нь 1126 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ алдагдлыг Засгийн газрын бонд гаргах, урьдчилгаа төлбөрөөр санхүүжүүлэх замаар шийдвэрлэж ирсэн юм.
Хүний хөгжил сан төсөв хооронд өглөг үүсгэж, байгуулагдсан цагаас хойшхи нийт өр нь 1126 тэрбум төгрөгт хүрээд байна.
Энэ хэвээр цааш үргэлжлүүлбэл хүүхдийн мөнгө, төр хариуцах ЭМД-ийн шимтгэл, өр төлбөрөө төлөх санхүүгийн үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх, нэгдсэн төсвийн төлөвлөлт, Засгийн газрын өрийн удирдлагад хүндрэл үүсгэх, төлөгдөх ёстой өглөг он дамжин хууль зөрчигдөх зэрэг хэд хэдэн эрсдэл Хүний хөгжил санд тулгараад байна.
Иймд уул уурхайн салбарын орлогын тодорхой хувиар хуримтлал үүсгэж эхлэх нь чухал гэж үзэн хууль санаачлагч Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Хуулийн төсөлд үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах зарчим баримтлан мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны Баялгийн сангийн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулсан зохицуулалтууд оруулсан байна.
Оновчтой бүтэц, зохион байгуулалттай баялгийн сан ажиллуулснаар эдийн засгийг түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангах, хойч үедээ баялаг өвлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар дэмжихийн зэрэгцээ Сангийн яамнаас боловсруулсан холбогдох хуулийн төслийг хамтад нь УИХ-д өргөн барихаар тогтлоо.
НӨАТ-ын урамшууллын тогтолцоо бий болгох ажлыг хариуцсан нэгж байгууллаа
Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйн тулд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлж бүртгүүлэлгүй далд хэлбэрээр ажиллах үзэгдэл манайд бий. Үйл ажиллагаа нь хуулийн дагуу боловч эдийн засагт бүртгэлгүй орлогуудыг сүүдрийн эдийн засагт хамруулдаг.
Бодитой оршиж буй сүүдрийн эдийн засгийг хумьж, санхүүгийн оновчтой удирдлага нэвтрүүлэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Компаниудын төлсөн НӨАТ-ын тодорхой хувийг буцааж олгох, урамшуулах замаар бизнесийн үйл ажиллагааг бүртгэлжүүлэх зохицуулалтуудыг дээрх хуулийн төсөлд оруулсан юм.
Энэ шинэчлэлтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын технологийн шийдэл боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх төслийн нэгж байгууллаа.
Засгийн газрын НӨАТ-ын урамшууллын технологийн шийдэл боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх төслийн нэгж байгууллаа.
“Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгж” нь
Татварын орчинд хийх энэ ажлын үр дүнд гараар бичсэн цаасан төлбөрийн баримтын хэрэглээг халж, иргэдэд ч, татвар төлөгчдөд ч чирэгдэл багатай бүрэн автоматажсан үйлчилгээ нэвтрүүлэх юм. Техникийн гүйцэтгэлийн хувьд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой.
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажиллагааг сайжруулна
Манай оронд 1990-ээд оны эхэн хүртэл хууль бус мод бэлтгэл байгаль орчны эсрэг хэргийн 10 хувийг л эзэлж байсан бол одоо хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн 1,2 дугаар байрт нэрлэгдэж байна. Улс дамнасан энэ төрлийн гэмт хэргийн улмаас дэлхийн хэмжээнд жилд 10 тэрбум ам.долларын хохирол учирдаг тул экосистемийг зохицуулагч түлхүүр болох ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд бүх улс орон онцгойлон анхаарч байна.
Мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн 1,2 дугаар байрт нэрлэгдэж байна.
Монгол Улс 2012 онд байгаль орчны хуулиа багцаар нь шинэчилсэн. Зах зээлийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулсан шинэ зохицуулалтын үр дүнд орон нутагт ойн ангийн бүтэц ажиллаж эхэлсэн ч хууль бус мод бэлтгэлтэй холбоотой нэмэлт зохицуулалт шаардлагатай байна гэж салбар хариуцсан яам үзжээ. Энэ асуудлыг зохицуулахаар БОНХЯ-наас боловсруулсан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, дэмжлээ.
Одоогийн тогтолцоогоор манайд Байгаль орчны эсрэг хэрэг зөрчилд шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоох мэргэжлийн шинжээч, лаборатори болон тусгайлсан нэгж байхгүй. Иймд байгаль орчны мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой хэмжээний төлбөр төлж хохирлын хэмжээг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт гаргуулдаг болохоор хуулийн төсөлд тусгажээ.
Түүнчлэн, олон нийтийг идэвхтэй оролцуулсан хяналтын тогтолцоо бий болгох, урамшуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлжээ.
Энэ үзэл баримтлалын дагуу УИХ-аас Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталбал төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа эрс сайжирч, хэрэг зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлага дээшилж, эцсийн дүндээ хууль бус мод бэлтгэл дорвитой буурна гэж тооцож байна.
Товч мэдээ:
- УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг хэлэлцлээ. Холбогдох хууль эрх зүйн актуудтай давхардсан болон зөрчилдсөн 9 заалтыг хасах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж байгаа тул төсөл санаачлагч зөвшөөрвөл нэгтгэн нэг төсөл болгож УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн санал хүргүүлэхээр тогтлоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!