Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-тай иргэний нисэхийн салбарт хамтран ажиллана

Б.Ану
2014 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол улсад хийсэн ажлын айлчлалын үеэр талууд Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Үүний нэг нь “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг” байсан юм. Мөн “МИАТ” ТӨХК, “Аэрофлот” компаниудын хооронд хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэвлэл, мэдээллийн ажилтнуудад зориулан мэдээлэл хийх үеэрээ “Агаарын тээврийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцлоо. Үүнд тус дөхөм болох ёстой хоёр баримт бичиг бол Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай протокол, нислэгийн маршрутын сүлжээг өргөтгөх тухай яам хоорондын санамж бичиг юм” хэмээн онцлон дурдсан байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлалын өмнө тус улсын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар Зам, тээврийн сайд А.Гансүх ОХУ-д ажлын айлчлал хийж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. 

Тодруулбал, төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх, “УБТЗ” ХНН-ийн техникийн шинэчлэл, Монгол Улс, ОХУ-ын ИНЕГ хоорондын хамтын ажиллагааны талаар болон “МИАТ”, “Аэрофлот” компаниудын хамтын ажиллагааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар хэлэлцсэн. 

Түүнчлэн ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг, Москвагийн улсын их сургуулийн харьяа Иргэний нисэхийн их сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд тус сургуульд Монголын оюутнуудыг сургах, иргэний нисэхийн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхээр болсон юм.