Манай улс элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна
Дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулаад “Оном сан” ТББ “Туул” ротаракт клубын гишүүдтэй хамтран элэгний гепатит вирусын талаар таниулах сурталчилгааны ажлыг хийж байна.
Тэд Чингисийн талбай дээрээс сурталчилгааны ажлаа эхэлсэн бөгөөд хэсэг хэсгээрээ хуваагдан Энхтайвны гүүр, Баруун 4 зам, Зүйн 4зам чиглэлд явж иргэдэд элэгний гепатит өвчнөөс урьдчилан сэргийлэх, болон эмчилгээний талаар зөвлөгөө өгөх ажээ.
“Оном сан” ТББ үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Ганхөлөг “Энэ өдрийг угтсан үйл ажиллагааны хүрээнд зарим төрийн байгууллага болон алслагдсан дөрвөн хорооны нийт 500 орчим иргэнээс вирус гепатитын шинжилгээ авсан байгаа. Мөн өнөөдөр ХӨСҮТ дээр үнэгүй шинжилгээ авч, эмч нар зөвлөгөө өгч байна. Ер нь манайхны хувьд сайн дураараа эмнэлэгт хандаж шинжилгээ өгдөггүй. Вирусийн халдвар аваад элэг нь бүр өвчилсөн хойно эмнэлэгт ханддаг. Тиймээс урьдчилан сэрэгийлэхийн ач холбогдлын талаар сурталчилгаа хийж байгаа юм” хэмээн хэллээ.
Манай улс 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их тоо юм.
2012 онд 1800 орчим хүн элэгний хатуурал, хавдраар оношлогдоод 1600 орчим нь тухайн ондоо нас барсан байна.
“Монгол орон даяар элэгний гепатит вирусыг устгах үндэсний хөтөлбөр төсөл ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд элэгний вирустэй хүмүүсийн бүртгэлийг бий болгож ажил үргэлжилж байна. Ингэснээр ирэх есдүгээр сард орж ирэх элэгний С вирусийг 96-99 хувь устгах магадлалтай эмийг вирустэй иргэдэд шуурхай хүргэх боломжтой болох юм” хэмээн “Оном сан” ТББ үйл ажиллагааны оффис менежер Л.Дэлгэрцэцэг ярьсан юм.
С вирусийг эмчлэх эм нь олон улсад үнэтэйд тооцогддог бөгөөд нэг курс эмчилгээний эм нь 84000 орчим ам доллар бодог ажээ. Харин тус эмийг үйлдвэрлэгч “Гилеад” компаний төлөөлөл өнгөрөгч зургаадугаар сард манай улсад ирж судалгаа хийсний үндсэн дээр Засгийн газарт нэг курс эмчилгээний эмийг 900 ам доллараар өгөх гэрээ байгуулсан байна.
Засгийн газрын зүгээс тухайн эмийг ямар хэлбэрээр иргэдэд өгөх, эрүүл мэндийн даатгал үйлчлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Иймээс элэгний С вирустэй иргэд та бүхэн 151103 дугаарт өөрийн овог нэр, нас хүйс Регистрийн дугаараа илгээж ХӨСҮТ болон өрхийн эмчийнхээ байнгын хяналтанд ороорой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

