2010 оны тавдугаар сард хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулга уулзалтаар элэгний гепатит өвчний тархалт нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл өсч байгааг харгалзан жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.
Энэ жилийн Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд ХӨСҮТ-д өнөөдрийн турш үнэ төлбөргүй элэгний вирусын шинжилгээ авч элэгний хатуурал, цирроз, хавдартай иргэдэд зөвлөгөө өгөх юм.
Гепатит нь дэлхий дээр хамгийн их тархсан, хүндрэл үүсгэдэг өвчин бөгөөд A, B, C, D, E гэсэн элэгний таван төрлийн вирусээр үүсгэгддэг элэгний үрэвсэл юм.
Өвчний явц, үр дагавар, хүн амыг олноор хамарсан өвчлөл /дэгдэлт, эпедим/ үүсгэх чадвараараа дээрх таван вирүс өөр хоорондоо ялгаатай.
А, Е вирус нь вирусээр халдварлагдсан ундны ус, хүнсний бүтээгдэхүүнээр, В, С вирусүүд нь халдварлагдсан биеийн шингэн, ариутгаагүй эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр тус тус дамжин халдварладаг. Түүнчлэн, В вирус нь халдвартай эхээс хүүхдэд төрөх явцад, гэр бүлийн халдвартай гишүүнээс хүүхдэд, мөн бэлгийн замаар тус тус дамжин халдварладаг.
В, С вируст гепатит нь элэгний хатуурал, хорт хавдар үүсгэх шалтгаан болдог.
Монгол орон даяар элэгний Хепатит вирусыг устгах үндэсний хөтөлбөр төсөл ажлыг эхлүүлэн элэгний вирустэй иргэдийг эрт оношлон хяналтанд оруулах, эмчилгээнд хамруулах зорилгоор 151103 тусгай дугаараар бүртгэж авах ажлыг хийж байгаа ажээ. \Иргэд өөрийн овог нэр, нас хүйс Регистрийн дугаар ямар вирустай вэ гэдгээ мессежээр илгээж бүртгүүлэх боломжтой\
Гепатит өвчнийг эрт үед нь оношлох явдал эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлнө. Мөн халдварыг бусад хүмүүст тараахаас сэргийлэх, түүнчлэн элгийг гадны хорт нөлөөллөөс хамгаалах ач холбогдолтой.
Гепатит өвчнөөс сэргийлэх арга замууд:
• Гепатит А, В-ийн халдварын эсрэг вакцин хийлгэх
• Цус, цусан бүтээгдэхүүний хяналт шинжилгээг сайжруулах
• Эмнэлгийн процедурт нэг удаагийн эсвэл ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх
• Бэлгийн аюулгүй харьцаа: бэлгэвч хэрэглэх, бэлгийн хавьтагчдын тоог цөөрүүлэх
• Судсаар эм тариа хэрэглэгчдийн аюулгүй хэрэглээний дадлыг сайжруулах
• Ундны ус, хүнсний аюулгүй байдлыг хангах
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!