Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн 113 дугаар дамжааны сонсогчид эр зориг гарган хүний амь аварчээ. Тэд таван давхар барилгын дээвэр дээр гаран амиа хорлох гэж байсан согтуу залуугийн амийг аварсан байна.
Болсон явдлын талаар сонсогч Н.Цогбаяраас тодрууллаа. Тэрбээр, “2014 оны зургадугаар сарын 11-ний өдөр манай их сургуулийн ойролцоо байдаг БЗД-ийн УС-15–ийн хоёрдугаар байрны таван давхрын дээврээс согтуу залуу унах гээд байна, туслаач гэж иргэд бидэнд хандсан.
Тухайн үед би ангийнхаа сонсогч А.Сэнгэдорж, Н.Ариунболд, И.Ган-Эрдэнэ нарын хамт дэлгүүрээс ундаа аваад байрны хажууд явж байсан. Согтуу залуу таван давхар байшингийн дээвэр дээр “Ээжээ амь авраарай үхлээ” гээд хашгираад байж байсан.
Тэгээд манай ангийн гурван сонсогч тухайн байрны дор согтуу залууг “Үсэрч болохгүй, юмнаас сайн бариад байж бай” гэж саатуулаад ярилцаж байх хооронд би таван давхрын дээвэр дээр гарч барьж авсан.
Намайг барьж аваад доош нь буулгахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Байшин дээрээс үсрэх гэж байсан залууг 8-р хорооны байцаагч, цагдаа хоёрт хүлээлгэж өгсөн” хэмээн ярьсан юм.
Н.Цогбаярын хувьд Багахангай дүүрэгт амьдардаг бөгөөд гал усны аюулаас иргэдийг хамгаалах Онцгой байдлын албан хаагчийн мэргэжил эзэмшиж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!