
- Хөндөх сэдэв -
УИХ-ын олонх болоод цөөнхийн гишүүд Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хамтран ажиллаж байгаа.
Гэсэн хэдий ч сөрөг хүчний гишүүд хуралдаа суухгүй байгаагаас Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд амин чухал холбоотой энэ хуулийг хэлэлцэх асуудал түр зуур хойшлоод байгаа юм.
Энэ хуулийн үндсэн агуулгыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хэмээн тодорхойлж байгаа ч энэ хууль батлагдан гарвал хамгийн түрүүнд малчин өрхүүд бэлчээрийн газраа өмчлөх хууль эрх зүйн орчин бүрэлдэх юм.
Монголчуудын амьжиргааны эх үүсвэр болсон мал, малчин хоёр газар өмчлүүлэх тухай энэ хуулиас болж хамгийн ихээр хохирч, магадгүй мөнхийн нанчилдаан, бүр буу шийдэмдээ тулахыг үгүйсгэх аргагүй.
Дөрөвхөн жилийн өмнө хаваржааных нь газарт буучихаад өмнөөс нь нохойгоо тавьж хөөсөн саахалтынхантайгаа муудалцсан залуу эр хоёр хүний аминд хүрч байсан удаатай.
Тэгвэл газар өмчлөлийн асуудлаас үүдсэн бэлээхэн гашуун туршлага хөрш зэргэлдээ өвөрмонголчуудад ямархуу харгис хатуугаар илэрч байгааг эрхэм төрийн түшээд сонсож, дуулсан болов уу.
Газар нутгаа алдсан өвөрмонголчуудыг захын хятад хүрч ирээд л машинаар дайрч, хонь малыг нь хядаж байгаа ХХI зууны аймшигт хядлагын тухай цахим ертөнцөд хангалттай мэдээлэл байж л байна.
Гэхдээ хүний амьдралын хамгийн чухал хэрэглэгдэхүүний нэг болсон газар өмчлөлийн хуулийг яаруулж, бүх л аргаар лоббидож байгаа эрхэм гишүүд, төрийн түшээдэд энэ хуулийг зайлшгүй батлуулах асар их эрх ашиг, томоохон хөрөнгөтнүүдийн зүгээс лоббидож байгаа хэрэгцээ, шаардлага байгаа нь тодорхой.
Манай төрийн түшээдийн дунд 10-20 давхар том том хувийн барилга, сургууль, зочид буудал, худалдааны томоохон төвтэй баячууд олон бий. Тэдний хувьд газар өмчлөлийн асуудлыг олон янзаар гарган тавьж байсан.
Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улс газраа өмчлүүлэх хууль гаргахыг хүлээн отож суугаа Хятад, Солонгос, япончууд өрөмний өт шиг язганалдаж байгаад буй юм.
Хамгийн гол нь “Туулын мөсийг долоох шахаж байж босгосон” том орд харшийнх нь доодох газар нь улсын өмч болохоор дээр нь барилга босгосон газраа зарж үрэх, бизнесийн олон төрлийн харицаанд оруулахад ихээхэн түвэгтэй байдаг нь ойлгомжтой. Тэдний хувьд газар өмчлөлийн асуудлыг гол нь энэ талаас нь харж, хошууран зүтгэцгээж байгаа.
Үндсэндээ хотын төвд 20 давхар оффис, зочид буудал сүндэрлүүлж байгаа эрхмүүдэд хамгийн аймшигтай зүйл нь хууль дүрмээ гэнэтхэн өөрчилдөг Монгол Улсын өнөөдрийн тогтворгүй улстөрийн золиос болж амь, амьдралаас нь үнэтэй барилгаа алдах, хураалгах нөхцөл байдал үүсэх вий гэсэн айдас, түгшүүр л байдаг нь юм ойлгодог хүмүүст тодорхой зүйл.
Энэ хуулийн төсөлд хаваржаа, өвөлжөө болон бэлчээрийг хувь иргэнд эзэмшүүлэхээр явж байгаа нь хүссэн хүсээгүй аймшиг дагуулна. Хоёр гурван мянган малтай шинэ баян малчид хамгийн том газрыг хувьчлан авахаар зүтгэцгээнэ.
Харин хоногийн хоолны хэдэн богтой, олон хүүхэдтэй ядуус нь хамрынхаа өмнүүр таслуулж, газрын харилцаанаас үүдэлтэй жинхэнэ, баян ядуугийн ялгарал гарна. Амьдралын гашуун үнэнд дийлдэж хорсож, гашуудсан малчид нэг л өдөр ташуураа бариад босох нь тодорхой. Саяхан л тариан талбайд нь орсон бусдын хурдан морийг буудаж хороосон нэгэн эмгэний хэрэг мандаж байсан. Тэгвэл тэр эмгэнээс илүү хор хохирол тарих сайн эрчүүд хөдөөгийн уул талаар мундахгүй олноороо амьдарч байгаа.
Бэлчээрийн мал аж ахуйгаасаа мөддөө салж чадахгүй, тийм ч боломжгүй монголчуудын хувьд бэлчээрийн газрыг өмчлүүлэхээс илүү ашиглуулах нь хамгийн боломжит хувилбар байж болох юм.
Ямарваа хувийн өмчөө хэнбугай ч хоточ нохой шигээ л манаж, цагдаж хамгаалдаг. Тэгвэл арай л хувийн өмч нь болоогүй зөвхөн ашиглах эрхтэй хаваржаа, өвөлжөө, бэлчээрийг дур мэдэн захиран зарцуулах, зарж үрэх боломжгүй болно.
Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улс газраа өмчлүүлэх хууль гаргахыг хүлээн отож суугаа Хятад, Солонгос, япончууд өрөмний өт шиг язганалдаж байгаад буй юм.
Магадгүй хөдөөгийн уул хадаар хятад мотоцикль авч унах өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа халамцуухан залуус хувьчилж авсан газраа мотоцикль, ачааны машинаар арилжчихаад манаргаж явахыг ч үгүйсгэх боломжгүй.
Газар өмчлөлийн хуулийн талаар иймэрхүү л тааруухан дүр зураг харагдаж байна. Газраа өмчлөлийг гааруулж хэрхэвч болохгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!