Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаадад хориглосон ч монголчууд үздэг хүүхэлдэйн кинонууд

Б.Энх
2014 оны 5 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Гадаадад хориглосон ч монголчууд үздэг хүүхэлдэйн кинонууд

Айл бүрт өдөржингөө зурагт ширтэж, телевизийн суваг сольж, өөрт таалагдсанаа үзэж өдрийг өнгөрөөдөг хэсэг хүмүүс бий.

Харин тэдний олонх нь  3-10 хүртэлх  насныхан.  Амьдралыг өөрийнхөө ертөнцөд хүүхэлдэйн киноны баатруудаар төсөөлж, амрах ядрах хоёроо ч мэдэхгүй суух тэдэнд хорвоотой танилцах үндсэн хэрэгцээг нь зурагт л хангаж байдаг. Харин тэд зурагтаар юу үздэг вэ гэдэг нь хамгийн сонин.

Ихэнх хүүхдүүд, ялангуяа долоогоос доош насныхны хамгийн дуртай зүйл нь хүүхэлдэйн кино. Тэд гадаад, дотоодын олон янзын хүүхэлдэйн киног үздэг. Хэл ус мэдэхгүй ч, хятад, солонгос, япон гээд суваг солиход л гарч байдаг хүүхэлдэйн кинонуудаас өөрт таалагдсанаа сонгоод үздэг. Харин үүнийг нь эцэг, эхчүүд бид бараг тоодоггүй.

Дэлхий нийтээр “Фантасия”, “Бэмби”, “Араатан ба гоо үзэсгэлэн”, “Алиса гайхамшгийн оронд”, ”Араатны хаан арслан”, “Мулан” зэрэг киног  хүүхдэд үзүүлэх ёстой киноны жагсаалтад оруулжээ.

“Том Жерри”, “Маша баавгай хоёр”, “Спонж Боб” зэрэг хүүхдүүдийн үзэх дуртай цуврал кинонуудыг хамтдаа амтархан үзээд  сууж байдаг томчууд ч цөөнгүй бий. Эдгээр кинонуудад дүн шинжилгээ  хийгээд, аль нь хүүхдэд тохирох, тохирохгүйг ялгаж салгадаг телевиз ч манайд байхгүй.

Мөн “Хүүхдийг хүн болгоё гэвэл багаас нь хүмүүжилд нь анхаарах хэрэгтэй” гэж ярьдаг хэрнээ үзэх киног нь зааж өгөөд, учир зүйг нь ойлгуулж тайлбарлаад өгдөг эцэг, эхчүүд ч бараг байхгүй.  

Тэгвэл гадаадын олон оронд хүүхдийг зөв хүмүүжүүлэхын тулд багаас нь, тэгэхдээ бүр  үзэх киноноос нь эхэлдэг авууштай тал байна.  Учир нь, долоо хүртэлх насны хүүхдүүд бодит байдал, хийсвэрлэл хоёрыг ялгах, хүчирхийллийн шалтгааныг ойлгох чадвар нь  сул байдаг учраас  бусдыг  ажиглах, даган дуурайх замаар суралцдаг аж.  Нөгөөтэйгүүр, уншиж бичих чадвар нь тааруухан байдаг учраас хамгийн амархан ойлгох, мэдээлэл авах зүйл нь хүүхэлдэйн кино байдаг аж.

Тиймээс улс орныхоо  ирээдүй болсон хүүхдүүдийнхээ сэтгэхүйг харийн ёс заншлаас хамгаалах,  зөв хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэхийн тулд  сахилгагүй, дэггүй  хүүхэлдэйн кинонуудыг зарим оронд хаажээ.

Тухайлбал, Хятад улсад “Том Жерри“, “Рожер туулайн адал явдал”, “Сансрын сагсан бөмбөгч” зэрэг киног хүчирхийллийг харуулсан хэмээн хаасан байна.

Харин Орост танхайрах, тамхи татах, амьтанд хэрцгий хандахыг сурталчилсан гэж “Гена матар Чебурашка хоёр”, “Чамайг даа!” хүүхэлдэйн киног хаажээ.

Мөн Украйнд  “Маша Миша хоёр”, “Спонж Боб”, “Лунтик ба түүний нөхөд”, “Покемон”, “Симпсоныхон” зэрэг киног бага насны хүүхэд үзэхийг  хориглоод байна.

Германы судлаачид саяхан хамгийн алдартай хүүхэлдэйн киноны нэг болох “Астерикс Обеликс хоёр” цувралын зөвхөн нэг ангид эрүүгийн гэмт хэрэгт хамаарах 704 үйлдэл гарч буйг тогтоож,  “Том Жерри”, “Скүүби Дүү”-г хүүхдэд үзүүлэхгүй байх санал тавьжээ.

Гэтэл өнөөдөр манайд харин ч эсрэгээрээ,  эцэг эхчүүд нь солонгос, хятадын олон ангит савангийн дуурь үзэж, хүүхэд багачууд нь дэлхийн олон оронд хориглосон хүүхэлдэйн киногоор тархиа угааж, даган дуурайж өсч хүмүүжиж  байна. Жишээ нь, өнөөдөр томчууд бидний сайн мэдэх “Маша баавгай хоёр” хүүхэлдэйн киног Маша гэх охин Миша гэх баавгайтай  амьдарч байгаа нь гэр бүлийн амьдралын талаар буруу ойлголт өгч, дэггүй жаалуудыг давруулсан хэмээн дэлхийн  25 оронд  хорьсон байна.

Харин дэлхий нийтээр “Фантасия”, “Бэмби”, “Араатан ба гоо үзэсгэлэн”, “Алиса гайхамшгийн оронд”, ”Араатны хаан арслан”, “Мулан” зэрэг киног  хүүхдэд үзүүлэх ёстой киноны жагсаалтад оруулжээ.

Тиймээс зуны гурван сарыг зурагт үзэж өнгөрөөдөг  эрхэм “дарга нар”-т  дагаж дуурайхад сайн талтай, хүмүүжил төлөвшилд нь эерэгээр нөлөөлөх үлгэр жишээч кинонуудыг санал болгоорой гэдгийг эцэг, эхчүүдэд зөвлөх байна.

Зураг