Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

В.Янукович зугтсанаасаа хойш анх удаа хэвлэлд

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Украйны эрэн сурвалжлагдаад байсан Ерөнхийлөгч Виктор Янукович Оросын Ростов на-Дону хотод байгаагаа албан ёсоор зарлалаа.

Баасан гаригт Москвагийн цагаар 17.00 цагт /Улаанбаатарын цагаар 22.00/ сэтгүүлчдийг цуглуулан хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрбээр Ростовд баасан гаригийн өглөө нисч ирсэн бөгөөд түүний онгоцыг сөнөөгч онгоц дагалдан хамгаалж ирсэн байна.

Украйны эрэн сурвалжлагдаад байсан Ерөнхийлөгч Виктор Янукович Оросын Ростов на-Дону хотод байгаагаа албан ёсоор зарлалаа.

Хэвлэлийн бага хурал зарласан ч хаана гэдэг нь тодорхойгүй хэсэг байсны эцэст товлосон цаг болохоос өмнөхөн хурал болох танхимыг зарлажээ. Магадгүй энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс авсан арга хэмжээ авсан бололтой. Учир нь хэвлэлийн бага хурал болсон газрыг бүрэн хамгаалалтанд авсан, хамгаалалт дээд зэргийн байсан гэнэ. Тиймдээ ч Оросын сэтгүүлчид “Украйны хөөгдсөн Ерөнхийлөгчийн хуралд сууснаас Путиныхд суух нь хавьгүй амар, энгийн юм байна” гэж цахим ертөнцөөр тоглоом шоглоом хийж байв.

Ингэж хэлэхээс ч аргагүй, цагдаагийнхан арга хэмжээнд оролцох итгэмжлэл авсан сэтгүүлчдийг нарийн шалгаж, металл илрүүлэгчээр хоёр дахин орж, хувийн эд зүйлсээ шалгуулахын дээр халаасаа хүртэл эргүүлж харуулж байжээ. Тэр бүү хэл алим хурааж байсан гэнэ, Янукович руу алим нүүлгэж болзошгүй гэж сэрэмжилсэн бололтой. Ингээд Виктор Януковичийн Орост хийсэн хэвлэлийн бага хурлаас товчлон хүргэе. 

 Янукович:
- Эрхэм хүндэт үзэгчид, эрхэм хүндэт сэтгүүлчид ээ. Би Украйны ирээдүйн төлөө тэмцлээ үргэлжлүүлэх бодолтой байгаа гэдгээ дуулгах цаг нь болсон. Алан хядагчдын эсрэг би энэ мэдэгдлийг олон нийтийн өмнө хийхээр шийдсэн юм. Миний болон дотны хүмүүсийн минь амь насанд аюул занал учирсан учраас би Украиныг орхихоос аргагүй болсон. Украйны маш цөөнхийн төлөөлөл болсон  үндсэрхэг, фашист залуус Украйны засгийг эзлэн авсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Франц, Герман, Польшийн гадаад хэргийн яам болон ОХУ-ын төлөөлөгчийг байлцуулан Украйны Ерөнхийлөгч болон сөрөг хүчнийхний хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх нь өнөөгийн нөхцөл байдлаас гарах гарц юм.
 

Миний болон дотны хүмүүсийн минь амь насанд аюул занал учирсан учраас би Украйныг орхихоос аргагүй болсон.

Зэвсэглэсэн хүмүүс гудамжнаас явж, Украйны энгийн иргэдийн хэвийн тайван амьдрах нөхцлийг хангах ёстой. Манай улс энэхүү аймшигт хямралаас гарахад туйлын хүнд байх болно. Энэ их үймээн, цус урсгасан үйл явдал бол улс төрийн хямралын үр нөлөө. Энэ бол Майданы жагсаалыг үүссгэсэн Барууны хариуцлагагүй бодлогын үр дүн.

Гэхдээ Украйн бол хүчтэй орон, бид заавал энэ бүхнийг даван туулах болно. Би бүх нийтийн санал асуулга явуулах санал гаргаж байна. Иргэний нийгмийн төлөөлөгчдийг өргөнөөр хамруулж, тун ойрын хугацаанд бүх нийтийн санал асуулгаар оруулах асуудлуудыг боловсруулах хэрэгтэй. Эдгээр асуудлууд нь улс орны хөгжлийн гарцууд, Үндсэн хууль, төрийн байгуулалттай холбоотой тулгамдсан асуудлууд байх ёстой. 

В.Янукович сэтгүүлчдийг цуглуулан хэвлэлийн бага храл хийлээ.

 - Михаил Петров,  ИТАР-ТАСС агентлаг. Та өчигдөр хийсэн мэдэгдэлдээ хоёрдугаар сард хийсэн хэлэлцээр хэрэгжээгүй гэж хэлсэн. Та ямар үндэслэлтэйгээр ийм дүгнэлт хийсэн бэ? Хэдхэн цагийн өмнө Украйны Үндсэн хуулийн шүүх татан буугдлаа гэсэн мэдээ ирсэн. Үүнд Оросын Үндсэн хуулийн шүүх ихэд таагүй хандсан. Та ямар бодолтой байна вэ? 


Янукович:
- Хоёр талаас энэ хэлэлцээрийг хэрэгжүүлж байж хямралыг зохицуулах боломжтой байсан. Гадны зуучлагчдад би итгэж байсан. Үнэхээр хэцү, зөрчилдөөнтэй хэлэлцээр байсан ч гэлээ би, сөрөг хүчнийхэн, гурван орны гадаадын хэргийн сайд нар гарын үсэг зурсан. Тухайн үедээ энэ нь чухал байсан юм.

Майдан дээр байгаа, зөвхөн тэнд ч биш бусад бүс нутгуудад байгаа сөрөг хүчин, хэт даврагч хүчнийхэн зэвсэгээ хаяж, эзлэсэн нутаг дэвсгэрүүдийг чөлөөлөх тухай энэ хэлэлцээрт тусгасан байсан ч хэрэгжсэнгүй. Ингээд эцэст нь Киев зэвсэглэсэн этгээдүүдээр дүүрч, тэдгээр нь орон сууц, сүм хийд тонож, гэм зэмгүй хүмүүс хохирч байна. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байна.

Киев зэвсэглэсэн этгээдүүдээр дүүрч, тэдгээр нь орон сууц, сүм хийд тонож, гэм зэмгүй хүмүүс хохирч байна.

Энэ хууль ёсгүй байдал, эмх замбараагүй, хөл толгойгүй үйлдэл нь депутатуудыг айлган сүрдүүлж, хүчирхийллийн дор гаргасан шийдвэрүүд, энэ бүхнийг парламентын үйл жиллгаа гэж нэрлэх боломжгүй. Энэ бол Майданы ажил. Хүчнийхэн болон Майданы дайчдын нөлөөн дор парламент шийдвэр гаргаж байна. Одоо тэд өөрсдийгөө “Ялалтын танхим” гэж нэрлээд байгаа. Хэнийг ялсан юм? Украйны ард түмнийг үү? Харин бидний ярьж хэлэлцэж байсан үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулах ёстой байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр засгийг хэрхэн бүрдүүлж, засгийн эрхэнд хэн гарч байгааг хэлэхэд ч хэцүү байна. Өнөөдөр дэлхий даяар нэр нь гарсан Ярош, Парубий, Тягнибок гэсэн хүмүүс хүчирхийллийг сурталчилж байна. Тэднийг зөвхөн Украйнд төдийгүй дэлхий даяараа мэднэ, Израилд гэхэд л тэдний нэр айдас төрүлдэг. Тиймээс би Дээд Радыг хууль бус, хэлэлцээрийг урьдын адил хэрэгжээгүй гэж үзэж байна.

Үндсэн хуулийн шүүхийн тухайд гэвэл энэ нь Украинд төдийгүй дэлхий дахинаа гарч байгаагүй хачирхалтай явдал. Үндсэн хуулийн шүүх байхгүй бол төр, төрт улс мөхнө. Ийм зүйл байж таарахгүй. 
 
-  Андрей Колесников: Виктор Викторович, энэ өрнөж байгаа үйл явдалд ичмээр санагдаж байгаа үе бий юу? 
 
Янукович:
- Тиймээ ичгэвтэр байна. Нэн тэргүүнд тогтвортой байдлыг хангаж, өнөөдөр улс оронд өрнөөд байгаа увайгүй явдлыг таслан зогсоох хүч хүрээгүйдээ ахмад, Украйны ард түмнээс уучлал хүсье. 

Улс оронд өрнөөд байгаа увайгүй явдлыг таслан зогсоох хүч хүрээгүйдээ ахмад, Украйны ард түмнээс уучлал хүсье. 

- Антон Верницкий, Нэгдүгээр суваг. Та сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээр хиймэгцээ гэнэт л эх орноосоо зугтчих юм. Та яагаад Украйнаас зугтсан юм бэ? Та яагаад шууд ард түмэндээ ханаж болоогүй юм бэ? Та хэлэлцээр хийхэд байлцсан Европын холбооны төлөөлөгчдөөсөө яагаад тусламж хүсээгүй юм бэ? 

Янукович:
- Би хаашаа ч зугатаагүй гэдгээ нэн тэргүүнд хэлмээр байна. Би Киевээс Харьков хот руу очсон. Намайг Киевд байхад над руу автомат буугаар буудсан. Намайг хамгаалж явсан машин бүх талаасаа сумаар шүршүүлсэн. Би ганцаараа яваагүй, бас хаашаа ч зугатаагүй. Харьковд бид намын хэлэлцүүлэгт суух ёстой байсан. Шөнө очсон нь үнэн, гэхдээ явсаар байгаад л тэгэж таарсан юм.

Харьковд ирсэн өдрөөс эхлэн л энэ хотод хэт даврагчид ирж байна гэсэн мдээллийг аюулгүй байдлын албаныхан авах болсон. Айсан юм биш. Энэ бол аюулгүй байдлын асуудал. Харин аюулгүй байдлыг хангах нь миний ажил биш. Би шийдвэр гаргаад хүсэлт тавьсан. Надтай хамт Дээд радын дарга Рыбак, Захиргааны тэргүүн Клюев нар байсан. Би тэднийг Донецк руу нисэхийг хүссэн. Тэд ирээд Киевд юу болж байгаа талаар ярьж өгсөн юм.

Бага ач хүүг маань хүртэл насан туршдаа улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх хүмүүсийн тоонд оруулсан байсан.

Харин би өөрөө Луганск руу ниссэн. Бид хоёр нисдэг тэргээр ниссэн. Аэрорух албаныхан, дараа нь цэргийн диспетчерүүд биднийг агаарын энэ замаас гарахыг сануулсан. Биднийг Орос руу нисэх гэж байна гэж тэдэнд анхааруулсан юм билээ. Тэд сөнөөгч онгоц хөөргөнө гэж анхааруулсан юм. Ингээд бид онгоцоо эргүүлж, Донецкд буулгасан. Дараа нь би автомашинаар Крымд нилээд орой очсон юм. Тэнд очсон хойно гэрийнхэнтэйгээ холбогдоход бага ач хүүг маань хүртэл насан туршидаа улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх хүмүүсийн тоонд оруулсан байсан. Том хүү маань хүүхдээ цэцэрлэгээс аваад над руу залгаад “Ийм нөхцөлд гэр бүлийнхнээрээ дэнчин тавьж чадахгүй ” гэж хэлсэн. 

 - Аркадий Назаренко, Рен-ТВ, Та яагаад Москвад биш харин Ростовд байгаа юм бэ? Крымийн нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх бол?

Янукович:
- Ростовоос холгүйхэн эртний танил маань амьдардаг юм. Би хэсэг хугацаанд орогнох газар олохын тулд түүн дээр очсон. Крымд болж буй үйл явдлын тухайд гэвэл Киевд болсон хч түрэмгийлсэн эргэлтэнд зохих ёсоор нь хариу өгч байгаа хэрэг. Крымчүүд хэт үндсэрхэг хүмүүс, дээрэмчдэд захирагдахыг хүсэхгүй байгаа. Тэд гэр орон, гэр бүлээ хамгаалахыг хүсч байна. Гэхдээ крымчүүд миний үгийг сонсоно гэж би найдаж байна. Крымчүүдэд хандан хүсэлт тавьмаар байна. Битгий цус урсгаж өөр хоорондоо эвдрэлцээрэй. Украйны ерөнхийлөгчийн хувьд Крым Украйны бүрэлдэхүүнд хэвээр үлдэнэ, автономт эрхээ хадгална гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. 

Украйны ерөнхийлөгчийн хувьд Крым Украйны бүрэлдэхүүнд хэвээр үлдэнэ, автономт эрхээ хадгална гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. 
 

- "Украйна" Телевиз. Алена Шевчук. Виктор Федорович, та ОХУ-аас цэргийн дэмжлэг хүсэх үү? Та Украйн руу хэзээ буцах вэ? 

Янукович:
- Энэ нөхцөлд аливаа цэргийн үйл ажиллагаа байж таарахгүй. Би цэргийн дэмжлэг авахгүй. Украйн улс нэгдмэл, хуваагдмал биш үлдэх ёстой гэж би үзэж байна. Миний болон гэр бүлийн маань аюулгүй байдлын нөхцөл хангагдсан тохиолдолд Украйн руу буцна. 
 
- Цымбалюк Роман. Украйны УНИАН агентлаг. Виктор Федорович, та Оросын нутаг дэвсгэрт яаж орж ирсэн юм бэ? Таныг Оросын шумбагч онгоцоор, эсвэл нисэх онгоцоор авчирав уу? Та Ерөнхийлөгч Путинтай уулзсан уу? Та Украйны ирээдүйн төлөө тэмцэнэ гэсэн. Таныг намын хамтрагчид чинь урвагч гэж нэрлэж байгааг мэдэж байгаа юу? Та хэнтэй тэмцэх гэж байгаа юм бэ? Крымд цэргийн болон бусад бүх объектууд цэргийн бүслэлтэнд орсон талаар та ямар бодолтой байна вэ? 
 
Янукович:
- Эх оронч үзэлтэй офицерүүдийн ачаар би Орост ирсэн. Тэд үүргээ биелүүлж, миний амь насыг хамгаалахад тусласан. Хоёрдугаарт, би Владимир Владимирович Путинтай уулзаагүй. Оросын нутаг дэвсгэрт орж ирснийхээ дараа утсаар ярьсан. Оросын Ерөнхийлөгч боломж гармагц надтай уулзана гэсэн. Хэзээ боломжтой болохыг би мэдэхгүй байна.

Оросын Ерөнхийлөгч боломж гармагц надтай уулзана гэсэн.

- Ушакова, РИА Новости. Украйны дефольтын өмнөх байдал юутай холбоотой гэж та үзэж байна вэ? Төрийн сан хоосорсон байгаа нь юутай холбоотой вэ? Та тавдугаар сард Украйнд болох сонгуульд оролцох уу? 

Янукович:
- Украйнд нөхцөл байдал тогтворгүй болж, Орос шиг чухал түншээ алдсны дараагаас эдийн засаг ийм байдалд хүрсэн гэдгийг үгүйсгэх нэг ч эдийн засагч гарч ирэхгүй гэж би бодож байна. Бид цалин тэтгэврийг байнга цаг хугацаанд нь тавьж ирсэн, энэ онд нийгмийн тэтгэмжийг нэмэгдүлэх гэж байсан тухай Украйны хүн ам бүгд мэдэж байгаа.

Сонгуулийн тухайд гэвэл 2015 оны сонгуульд бэлдэж байсан гэдгээ нуухгүй. Хөгжлийн асар том ирээдүйтэй тогтвортой оронд амьдрах нь хавьгүй дээр гэдгийг Украйны ард түмэнд итгүүлэхийн тулд бид бүгдийг хийх байсан. 

Манай орныг ийм хямралд хүргэсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой

Одоо манай орныг ийм хямралд хүргэсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Тэд л үүнд буруутай. Засгийн эрхэнд гарсан, Майдан дээр болж буй үйл явдлыг удирдаж байгаа, далдаас болон ил оролцоотой байгаа хүмүүс үүнд буруутай. Тэр дундаа баруун, АНУ-ын төлөөлөгчид Майданыг удирдаж байсан. Тэд өнөөдөр Украйны ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой. Тавдугаар сарын 25-ны сонгуулийг би хууль бус гэж үзэж байна. Би үүнд оролцохгүй. Сонгууль Украйны Үндсэн хуулийн дагуу болох ёстой. 

 - "Комсомольская правда" сонин. Елена Кривякина.  Та Юлия Тимошенко суллагдсанд хэрхэн хандаж байгаа вэ? Түүнтэй уулзсан уу? Та ард түмнээсээ уучлал гуйлаа. Харин таныг цээжээрээ хамгаалсан Беркутын дайчдаас уучлал гуйхгүй юм уу? 

Янукович:
- Би Беркутынхантай уулзаж, уучлал гуйсан. Тэд үнэхээр гар хоосон хамгаалж байхад тэднийг “Молотовын коктейл”-ээр шидэлж байсан. Хөнөөсөн. Би тэднээс уучлалт гуйсан. Юлия Тимощенкогийн хувьд гэвэл түүний хувь заяа цааш хэрхэхийг мэдэхгүй юм. Тэр сонгуульд оролцох эсэхийг ч мэдэхгүй. Эрүүгийн хэргийнх нь тухайд гэвэл түүнийг Украйны шүүх шүүж, шийдвэрээ гаргасан, шийдвэр гүйцэтгэсэн. Суллах шийдвэр гарсан. Би түүнд ямар ч муу зүйл хүсээгүй, хүсэх ч үгүй. Гэхдээ түүний Оростой хийсэн 20 тэрбум ам долларын алдагдалтай гэрээ Украйнд ямар их хор хохирол учруулсныг ард түмэн ч тэр өөрөө ч тэр мэдэж л байгаа. 
 
 - Та өнөөдөр танхим, хүчний байгууллагын бүтэцгүй болсон. Өөрөө ч эх орондоо очих боломжгүй байгаа энэ үед Украйны Ерөнхийлөгч мөн гэдгээ юугаар батлах юм бэ? 

Янукович:
- Парламентад гаргасан хууль тогтоомж хүч хэрэглэлт, заналхийлэл дунд гарын үсэг зурагдсан. Би өөрөө гарын үсэг зураагүй учраас хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр шинээр батласан гээд байгаа хууль тогтоомж хүчингүй гэсэн үг. 

- Орос улс энэ асуудалд ямар үүрэг гүйцэтгэх бол гэсэн асуулт хүн бүрийн сонирхлыг татаж байгаа. Та зөвхөн орогнол хайж биш, Украйны Ерөнхийлөгч гэдэг хувиар энд ирсэн биз дээ? 

Янукович:
- Орос бол манай стратегийн түнш байсан, байх ч болно. Би энэ тухай олонтаа хэлсэн. Орос болон Украйны хэлэлцээрүүдийн дагуу Орос улс ямар нэг арга хэмжээ авч болно. Орос улс хөдлөх үүрэгтэй, ёстой гэж бодож байна. Владимир Владимира Владимирович Путины зан аашийг мэддэг хүний хувьд тэр яагаад одоо хүртэл тэвчээртэйгээр дуугүй байгаад би их гайхаж байна, энэ асуудал шүү. 

 - Таних тэмдэггүй, Оросын цэргүүд Дорнод Украйны нутаг дэвсгэр дээр байгаа гэсэн мэдээллийг тайлбарлаач? Та үүнд ямар байр суурьтайгаар хандаж байгаа вэ? 

Янукович:
- Би янз бүрийн олон мэдээлэл сонссон. Ялангуяа Украйнд байхад хүн бүгдийг тэр бүү хэл намайг Оросын тусгайгийнхнаар айлгаж байсан.  Харин тэр таних тэмдэггүй цэргүүдийн талаар надад ямар ч мэдээлэл алга. 

Би Украйны ард түмэнтэй хамт байхын тулд амьдралынхаа эцсийн мөч хүртэл тэмцэнэ.

Янукович:
- Төгсгөлд нь Украйнд өөрсдийгөө хуль ёсны засаг гэж нэрлээд байгаа хүмүүст хандаж үг хэлмээр байна. Увайгүй, эрээ цээргүй үйлдлээ ухамсарлаж, үүнийгээ нэн даруй зогсоо. Та нар үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Украйны ард түмэн та нартай хамт амьдрахыг хүсэхгүй. Үтэр түргэн холд, Украйны ард түмэнд дахин бүү гай тарь. 

Ард түмэндээ хандан хэлэхэд зовсон, зүдэрсэн бүхний төлөө уучлал гуйж байна. Би Украйны ард түмэнтэй хамт байхын тулд амьдралынхаа эцсийн мөч хүртэл тэмцэнэ. Өнөөдөр би Украйнд байсан бол хүн бүрт мэхийг ёслох байлаа. Өнөөгийн засаглалын хувьд ард түмэн гэж байхгүй гэдэг нь тодорхой. Тэд ард түмнийг үл хайхарч байна. Гэхдээ тэдний хариуцлагаа үүрэх цаг ирнэ. Баярлалаа.