СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш нийслэл хотод шар өвсний 11, ойн санд хоёр удаагийн түймэр гарлаа
Энэ онд нийслэлийн хэмжээнд шар өвсний түймэр 11, ойн санд хоёр удаагийн түймэр гарчээ.
ЗӨВЛӨМЖ:
- Түймрийн аюултай үед ойд аялал зугаалгаар явахаас татгалзах
- Хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
- Тамхи татах, асаагуур ашиглахаас аль болох татгалзах
- Түлсэн гал асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
- Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
- Гагнуурын ажил хийхдээ ойр орчмын 6 метр газрыг услах
- Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг НБОГ-аас санууллаа.
Хаврын хуурайшилтын энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүсэд хяналт тавьж, өдөр бүр нийслэлийн онцгой байдлын байгууллагын 7 албан хаагч хоёр тээврийн хэрэгсэл, цагдаагийн газрын 11 албан хаагч нэг тээврийн хэрэгсэл, байгаль орчны газраас 6 албан хаагч хоёр тээврийн хэрэгсэл ашиглан хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж эхэлжээ.
Үүнээс гадна Нийслэлийн Байгаль Орчны Газраас хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэх 54 албан хаагч, ногоон бүсэд тогтмол хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах 33 байгаль хамгаалагч, нэмэлтээр 60 урамшуулалт эргүүл ажиллуулж байгаа аж.
Тэд байгаль хамгаалагчдын түймрийн үед ашиглах багаж хэрэгслийн бэлэн байдал, зуслангийн бүсэд оршин сууж буй болон дамжин өнгөрч байгаа иргэдийг мэдээллээр хангах зорилгоор түймрийн эрсдэл үүсэх нөхцөлийг бууруулах, сурталчлан таниулах тараах материалыг тараадаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

