Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой хоёр тушаал бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно
Боловсролын сайд Л.Энх-Амгалан харьяа газар, хэлтсийн удирдлагуудтай уулзжээ. Энэ үеэрээ багш нарын цалингийн асуудлыг хөндсөн байна.
Тэрбээр "Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт эвдэрчихсэн. Дан ганц багшийн цалингаас гадна хувьсах зардлаараа багшийн цалингийн асуудлыг ажил хаялтгүйгээр шийдэх бүрэн боломж байсан. Хувьсах зардлынхаа тогтолцоог ойлгуулж чадаагүй. Үүнээс болж өнөөдөр татвар төлөгчдийн мөнгө 700-800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болчихсон сууж байна.
Би сайдыг буруутгахгүй. Сайдыг мэдээллээр хангах ёстой, удирдлагаар хангах ёстой хүмүүс яагаад ийм зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн бэ. Дөрвөн том хууль зөрчсөн. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тухай тогтоолд 2026 оны төсөвтөө багтаа гэсэн үг өгүүлбэр байгаа.
Тийм учраас цалинтай холбоотой хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.
Боловсролын салбар хоёр цалинтай болчихсон явж байна. Нэмэгдлийг нь хуучин цалингаас нь боддог. Нийгмийн даатгалын санд 70 тэрбум төгрөгийн өртэй.
Жилд 2-3 мянган багш амаржсаны тэтгэмж авдаг. Гэтэл одоо тэр тэтгэмжээ авч чадахгүй байгаа шүү дээ. Хэдэн багш эмнэлэгт хэвтчихээд листний мөнгөө авч чадахгүй байна вэ. Энэ жил тэтгэвэрт гарах гэж байгаа, тэтгэврээ тогтоолгох гэж байгаа багш шинэ цалингаасаа тогтоолгох уу хуучнаасаа тогтоолгох уу? Тэтгэврээ шинэ цалингаар тооцуулахад 933 тэрбум төгрөгийн асуудал гарч ирж байна" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

