Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал үүснэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эгүүлэн татдаг байх хуулийн төслийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд:
- Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
- Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татна,
- УИХ-ын гишүүн ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатай бөгөөд ирц, санал хураалтад хангалттай оролцоогүй бол эргүүлэн татах үндэслэл болно хэмээн тусгасан.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр нар ёс зүйн асуудлаар маргалдав.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс өнөөдөр парламентын засаглалтай юу, ерөнхийлөгчийн засаглалтай юу. Ерөнхийлөгч парламентад ажлаа тайлагнадаг уу, парламентад Ерөнхийлөгч хичээл заадаг уу. Энэ асуудал дээр сүүлийн 30 жил хэрэлдлээ.
А.Үйлстөгөлдөрийн үгэнд гарч байна "бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд" гэж хэдэн ч удаа ярив. Парламентын гишүүд нь төрийн эрх барих дээд байгууллага гэлээ. Тэгэхээр энэ хоёрын хэн нь том вэ гэдэг зодоон явж байна. Гүйцэтгэх засаглалаа тоглоом болгоод байхгүй болгочихлоо.
Хууль тогтоох засаглалаа прокурор гэсэн нэг крантаар гоожуулдаг байсан бол одоо Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Ёс зүйн дэд хороогоор гоожуулах юм байна. Санаа нь маш ойлгомжтой. Үүнийг батлахгүй бол парламентыг тараах асуудлыг ард нийтийн санал асуулга гээд төрийн бус байгууллага санаачлах юм байна. Ийм ойлгомжтой зүйл дээр Монгол Улсын 126 гишүүнтэй таван намтай хүчирхэг парламент үг хэлж чадахгүй байгаад харамсал төрж байна.
Хэрэв Монгол Улс өнөөдөр парламентын засаглалтай байгаа бол төрийн эрх барих эрхийг сонгуулиар шилжүүлж байгаа. Ард түмний санал өгсөн саналыг хамгаалдаг. Парламент тусгаар тогтнол, засаглал, уул уурхайн лицензүүдийн асуудлыг шийднэ. УИХ-ын гишүүд хэнээс хамааралтай биш хараат бусаар санал өгөх эрхэд халдаж байгаа ноцтой үйлдэл болж байна.
Судлаачид аа! та нар мөнгө өгсөн хүний төлөө л ярьдаг. Өмнө нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг "алчхаад" одоо У.Хүрэлсүх ерөнхийлөгчийг "алах" гээд хоёр нүүр гаргаж битгий худал яриад суугаад бай. УИХ-ын даргаа энэ хуулиа яаралтай татаж авах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр: Л.Оюун-Эрдэнэ гишүүн жаахан бухимдалтай байх шиг байна. Та гэнэт сэрсэн юм шиг парламентын дархлаа гэж ярих эрхгүй. Парламентын дархлаа гэж ярих ёс зүйгүй хүн. Хамтарсан Засгийн газрын нэрийдлээр сөрөг хүчингүй болгож, Ардчилсан Намынханд бүтээмжийн менежэр гэдэг албан тушаалаар амыг нь таглаж жинхэнэ парламентын дархлаанд халдсан. Өөрийнхөө эсрэг дугарсан Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, Д.Энхтүвшин, Ч.Анар гишүүдийг та хар бэхийн хонгилоор явуулсан гэдгийг би биш энэ гишүүд чинь хэлсэн шүү.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Яг энэ дээр ёс зүй гэдэг асуудал хөндөгдөнө. Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал үүснэ. Энэ хууль батлагдвал эрсдэлтэй гэдэг тод жишээг А.Үйлстөгөлдөр харууллаа. Карма хаалгаа андуурахгүй гэдэг шиг юм болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

