Насанд хүрээгүй 446 хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогджээ
Прокурорын байгууллагаас насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийг судлахад дийлэнх хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байна.
Тодруулбал насанд хүрээгүй хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил
- 2023 онд 736
- 2024 онд 917
- 2025 онд 2007 бүртгэгдсэн байна.
Дээрх зөрчлийн 141 буюу
- 31.6 хувь нь нийслэлд,
- 305 буюу 68.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Зөрчлийн холбогдогчийн 400 буюу 89.7 хувь нь эрэгтэй, 46 буюу 10.3 хувь нь эмэгтэй, боловсролын хувьд 62.1 хувь нь бүрэн бус дунд, 30.5 хувь нь бүрэн дунд, 7.4 хувь нь бага байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн хүнд жолоодох эрхийн үнэмлэх олгосноор тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэйг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.
Эцэг эхчүүд автомашины түлхүүрээ ил орхидог, хүүхдүүд жолоодох эрхгүйгээр хөдөлгөөнд оролцсоноос үүсэх хууль эрх зүйн үр дагаврыг бүрэн ойлгоогүй, энэ талаарх мэдлэг дутмаг, автомашин жолоодох сонирхолдоо хөтлөгдөн эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож, зөрчлийн холбогдогч болж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломжийг бий болгохгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг прокурорын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
