"ШТС-д түгээлт хийж байгаа цистернийг мэргэшсэн үнэмлэхгүй хүн жолоодсон, даац хэтрүүлсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ"

Д.Янжиндулам, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн нутаг дэвсгэрт аюултай ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг компаниудад энэ оны нэгдүгээр сараас эхлэн хоёр сар гаруй хугацаанд шалгалт хийжээ.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын(НТБГ) Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн "Улаанбаатар хотын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий 30 агуулах бүртгэлтэй байгаагаас 24 агуулах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр агуулахуудаас Улаанбаатар хотын хэмжээнд 279 шатахуун түгээх станц, 47 шингэрүүлсэн хий түгээх станцуудад түгээлт хийж байна.

Шатахуун түгээх станцуудад түгээлт хийж буй тээврийн хэрэгслүүдэд тэмдэг тэмдэглэгээ дутуу, мэргэшсэн жолооны үнэмлэхгүй жолооч жолоодсон, галын дүгнэлт гаргуулаагүй, “ЕС” болон “Түр” замын хуудас аваагүй, тээврийн хэрэгслийн хүрэлцээгүйгээс шалтгаалан хувь тээврийн хэрэгсэлтэй иргэдээр гэрээ байгуулалгүй, стандартад заасан даац хэтрүүлэн ачсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ.

Нийслэлд 3,682 авто цистерн бүртгэлтэй байгаагийн 746 буюу 20.2 хувь нь замын хөдөлгөөнд оролцож болохгүй, даац хэтрэлттэй тээврийн хэрэгсэл бий гэсэн судалгаа байна.

Энэ нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, аюултай, тэсэрч дэлбэрэх эрсдэлээс ангид байх, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэх, зохицуулалтад саад учруулах, тодорхой зорчих чиглэлийг тогтоогоогүйгээс зам, замын байгууламж эвдрэх зэрэг эрсдэлийг үүсгэж байна.

Иймд зөрчил дутагдлаа арилгах тухай хугацаатай албан шаардлагыг хүргүүлсэн байгаа.  

“Нийслэлийн ачаа тээврийн цахим систем”-ээр дамжуулан 100 хувь цахимаар EC, Түр замын хуудсыг олгож байна. Иймд нийт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа иргэд, хуулийн этгээдүүд төрийн байгууллагуудын зөвлөмж, тодорхойлолтоо авч хөдөлгөөнд оролцоорой гэж хэлмээр байна" гэж мэдээллээ.

Шалгалтыг Нийтийн Тээврийн бодлогын газар, Нийслэлийн Хяналт Шалгалтын Газар, Замын Цагдаагийн Газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газрын эрх бүхий албан хаагч нар хамтран зохион байгуулжээ.