М.Цолмон: Аюултай ачаа тээвэрлэх Түр замын хуудсыг цахимаар өдөрт нь олгодог болсон

Д.Янжиндулам, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын авто замаар аюултай ачаа тээвэрлэдэг аж ахуйн нэгж, жолооч нар заавал түр замын хуудас авах ёстой байна.

Энэ тухай Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын ачаа тээврийн мэдээллийн сангийн техникч М.Цолмон "Ачаа тээврийн түр замын хуудсыг smartcart.mn, EС замын хуудсыг ТҮЦ машинаас ажлын гурав хоногт багтаан олгодог байсан. Үүнд өөрчлөлт орж нийслэлийн ачаа тээвэрлэлтийн цахим системээс аюултай ачаа тээврийн түр замын болон EС замын хуудсыг өдөрт нь олгодог болоод байна.

EС замын хуудсыг авахдаа тайлангаа илгээнэ. Иргэн, байгууллага татвараа төлж, тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулсан байх шаардлагатай. Үүний дараа төвөөр зорчих түр замын хуудсыг авах эрх үүсэх юм.

Ямар нэгэн байгууллагатай хамтарч ажилладаг бол гэрээ, тээврийн хэрэгслийг дөрвөн талын зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээллийг илгээснээр өдөртөө шийдвэрлэж, олгогдоно" гэж мэдээллээ.

EС замын хуудсыг ачаа тээвэрлэлтэд олгодог бол түр замын хуудас нь хотын төв замаар аюултай ачаа тээвэрлэж явах зөвшөөрөл бөгөөд 2026 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл EС замын хуудас 1,530, түр замын хуудас 4,332-ыг олгожээ.

"Нийслэлчүүд бид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун тээвэрлэж яваад осол гарч, улмаар нөхөж баршгүй ямар хор хохирол учирсныг мартаагүй. Аюултай ачаа тээвэрлэж буй машин ТҮР замын хуудас авснаар өөрийгөө болон бусдыг гэнэтийн осол аюулаас хамгаалж, ямар нэгэн асуудал үүслээ гэхэд хуудсыг бөглөсөн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авах юм" хэмээн тус газраас зөвлөв.