Казахстан улс цахилгаан станцын төслүүдээсээ Оросын компаниудыг хасахаар болжээ
Казахстан улсын засгийн газар дулаан, цахилгааны станц шинээр байгуулах гурван төслөөсөө Оросын компаниудыг хасахаар болсныг “Курсив” бизнес мэдээллийн хэрэгсэл өчигдөр мэдээлжээ.
Энэ нь тэдгээр компаниуд төслийг санхүүжүүлэх чадваргүй болсонтой холбоотой шийдвэр юм байна.
Казахстаны тал Кошетау дахь станцыг өөрийн хүч хөрөнгөөр босгож, Семей болон Усть-Каменогорскийн станцуудыг төрийн өмчит Самрук-Энерго компанийн оролцсон Казахстан-Сингапурын консорциумд хариуцуулахаар болжээ.
Сингапурын талтай хамтрах гэрээг нэгдүгээр сарын сүүлээр байгуулсныг Самрук-Энерго компанийн ерөнхийлөгч Кайрат Максутов мэдээлсэн байна.
Цагт 820 гигакалори дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Кошетаугийн станц 2029 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд зураг төслийн ажил нь хэдийнээ дууссан юм.
Уг төсөл ойролцоогоор 356 тэрбум тэнгэгийн ($760 сая) өртөгтэй байх гэнэ.
Семей болон Усть-Каменогорскийн төслүүд тус бүр 578 тэрбум тэнгэ ($1.23 тэрбум), 602 тэрбум тэнгэгийн ($1.28 тэрбум) өртөгтэй бөгөөд талбайн бэлтгэл ажил, тоног төхөөрөмжийн захиалга удахгүй эхлэхээр болжээ.
Эдгээр станцууд аль аль нь 2029 оны сүүлээр ашиглалтад орох юм байна.
Гурван төсөл бүгд байгаль орчинд ээлтэй Хятадын шинэ технологийг ашиглаж байгаа, тухайлбал “цэвэр нүүрс” технологи болон хиймэл оюуны элементүүд ашиглахыг Казахстаны эрчим хүчний дэд сайд Сунгат Есимханов мэдээлжээ.
Казахстаны тал 2023 оны арваннэгдүгээр сард ерөнхийлөгч Владимир Путинийг айлчлах үеэр дээрх станцуудын бүтээн байгуулалтад хамтран ажиллахаар тохиролцож байсан юм.
Улмаар Оросын банкууд төслүүдийн санхүүжилтэд зориулан 15 жилийн хугацаатай зээл олгох санамж бичгийг хоёр улсын эрчим хүчний яамд байгуулж байв.
Гэвч Оросын тал санхүүжилтээ хийж чадалгүй удсан тул гүйцэтгэгчээ солиход хүрсэн байна.
Гурван станцын төслийн нийт өртөг анхны төлөвлөгөөгөөр $2.7 тэрбум байжээ.
Эх сурвалж: kursiv.media
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

