Anthropic компанийн IPO үүсгэн байгуулсан долоон хүнээ тэрбумтнууд болгоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахиурын хөндийн хамгийн хурдтай өсөн дэвжиж буй компаниудын нэг Anthropic өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын үнэт цаасны хороонд IPO (Initial Public Offering) буюу хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаалах хүсэлтээ гаргажээ.

Энэхүү IPO нь хөрөнгийн зах зээлийн түүхэнд бичигдэх хэмжээний хөрөнгө босгох хүлээлттэй байгаа.

Өнгөрсөн тавдугаар сард тус компанийн зах зээлийн үнэлгээ $965 тэрбумд хүрсэн бол ирэх сарын сүүлээр хувьцаагаа гаргаснаар $1.5 их наядыг давах тооцоотой байна.

Nasdaq бирж дээр Anthropic нь арваннэгдүгээр сарын сүүлийн хагаст “ANT” таних тэмдэгтэй гарах юм.

Үүний үр дүнд тус компанийг үүсгэн байгуулсан долоон эрхэм олон тэрбумын хөрөнгөтэй болох төлөвтэй байна. Тэдгээр нь одоо бүгд тус бүрдээ 230 саяас дээш ширхэг хувьцаа эзэмшиж байгаа.

Тухайлбал компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей 240,637,980 ширхэг хувьцаа эзэмшиж байна.

Хамгийн олон буюу 244,173,040 ширхэг хувьцааг тус компанийн CCO (Chief Compute Officer) албан тушаалтай Том Браун эзэмшдэг. Хэрвээ компанийн үнэлгээ $1.5 их наядад хүрвэл түүний хөрөнгийн хэмжээ $24 тэрбумд хүрэх юм.

Браун нь Anthropic компанийг 2021 оны нэгдүгээр сард ах дүү Амодей нар болон бусад дөрвөн хүний хамт үүсгэн байгуулж байжээ.

Одоо тэр компанийнхаа тооцоолох хүчин чадлыг удирдах, үр ашигтай ажиллуулах ажлыг хариуцдаг.

Үүсгэн байгуулагчдаас гадна тус компанид хөрөнгө оруулсан Amazon, Google зэрэг компаниуд энэ IPO-оос асар их ашиг хүртэхээр байна.

IPO-ийн дараа тэдний эзэмшил 5-аас дээш хувьд хүрч, Anthropic компанийн хамгийн том стратегийн хувь эзэмшигчид болгох юм.

Зах зээлийн үнэлгээг $1.5 их наядаар тооцвол эдгээр компаниуд тус бүрдээ $75 тэрбум гаруйн хөрөнгө эзэмшдэг болно гэсэн үг.

 

Эх сурвалж: Business Insider