Б.Хэрлэн: Ёс зүйг зохицуулахгүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаар халхавчлаад дураараа авирлаж болоод байна
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр болов.
Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлд ёс зүйн асуудлыг хэрхэн тусгасан талаар хуулийн төсөл санаачлагчид гишүүний асуултад хариулт өглөө.
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн: УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхдөө “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэдэг.
Ёс зүйн ямар зөрчлийг ноцтой гэж үзэх вэ гэж асуугаад байна. Бусад улс орны жишээнээс харахад ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гишүүнийг парламентаас хөөх, эгүүлэн татах хуулийн зохицуулалт байдаг. Парламентын нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулж буй тохиолдолд ноцтой зөрчил гэж үздэг. Энэ нь эргээд парламентын гишүүнээс хөөх хүртэлх арга хэмжээ авахад хүргэдэг.
Нэгэнт төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэн гэж андгай тангараг өргөчхөөд парламентад орж ирээд хэлэх хэлэхгүйгээр хэлээд, ёс жудаг, цадиг гэж байхгүйгээр авирлаж байна. Ёс зүйг зохицуулж оруулж ирэхгүй бол УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаар халхавчлаад дураараа авирлаж болоод байна. Энэ ер нь зөв үү.
Парламентын гишүүд ёс зүйн зөрчил гэж юу болох, аль нь ноцтой вэ гэдгийг ялгаад ажиллах байх гэж ажлын хэсгийн гишүүд ярьж байна. Сахилгын зөрчил, ноцтой зөрчлийн тухайд судалсан харьцуулсан зүйл байна уу.
"Хэрэв иргэд УИХ-ын гишүүнийг ардчилсан ёсны зарчмын дагуу хяналт хэрэгжүүлнэ гэвэл Ёс зүйн хороонд хандана"
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал: Хуулийн төслийн үндсэн агуулгын хүрээнд хамгийн түрүүнд яригдаж байгаа зүйл бол УИХ-ын гишүүний өргөж буй тангарагт ёс зүйн хэмжээг чанд сахих гэдэг зүйлийг нэмэлтээр оруулахаар тусгасан.
Ёс зүйн хэм хэмжээг хэмжих хэмжүүр Үндсэн хуулийн хүрээнд, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байна. Яг үүнтэй холбогдуулан хуульд нөхцөл зааж байгаа. Хэрэв иргэд УИХ-ын гишүүнд ардчилсан ёсны зарчмын дагуу хяналт хэрэгжүүлнэ гэвэл Ёс зүйн хороонд хандана. Нэгт гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, хоёрт хууль тогтоохдоо зөвхөн ирцээ бүрдүүлэх бус санал өгч оролц гэдэг зарчмыг бичсэн.
Энэ хуулийн төсөл батлагдвал УИХ ёс зүйн дүрмээ шинэчлэн батлах гэдэг асуудал гарна. Чухам ноцтой зөрчил аль нь болох, юуг оруулах, хэрхэн хянахыг бичсэн. Ирүүлсэн өргөдөл гомдлыг Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзнэ гэж нөхцөл бичсэн.
Үндсэн хуулийн цэц яагаад орж ирж байгаа вэ гэвэл Үндсэн хуулийн өнөөдрийн дэг журам энд үйлчилж байгаа. Ардчилсан ёсны зарчмаар парламент нээлттэй саналаа өгч хэлэлцээд олонхоороо Үндсэн хуулийн цэцэд хандана. Үндсэн хуулийн цэц тангаргаасаа няцсан эсэх асуудлыг хянаж үзээд дүгнэлт гаргана. Энэ дүгнэлт нь эцсийн шийдвэр. Үүнийг нь УИХ авч хэлэлцдэггүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

