Теслагийн зарагдаагүй машины тоо дээд хэмжээндээ хүрсэн нь хувьцааны ханшийг 60 хувиар унагаж болзошгүйг анхааруулав
Тэрбумтан Илон Маскийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла энэ дөрөвдүгээр сарыг таагүй мэдээтэй эхлүүлж байна.
Энэ оны эхний улиралд тус компани шинжээчдийн таамаглаж байсан дунджаас 4 хувиар бага буюу 358,000 автомашин борлуулжээ.
JPMorgan банкны хувьд таамгаас нь 7 хувиар дутсан байна. Тиймээс тус банкны шинжээч Райан Бринкман энэ оны төгсгөлд Теслагийн хувьцааны ханш $145 хүртэл буурах таамаг дэвшүүлжээ. Энэ нь өнөөдрийн түвшнээс 60 орчим хувиар бага тоо юм.
Теслагийн зарагдаагүй автомашины тоо түүхэн дээд хэмжээндээ хүртэл өссөн нь ийм дүгнэлт гаргахад хүргэснийг Бринкман тайлбарлажээ.
“Зарагдаагүй тээврийн хэрэгслийн тоо дээд хэмжээндээ хүрсэн нь чөлөөт мөнгөн урсгалын асуудлыг улам бүр нэмэгдүүлж байна. Тесла 2026 оны нэгдүгээр улиралд зах зээлд борлуулснаасаа 50,363-аар илүү тооны автомашин үйлдвэрлэсэн нь урьд өмнө байгаагүй их хуримтлал юм” гэж тэр мэдэгдсэн байна.
Бринкманы мэдээлснээр Теслагийн үйлдвэрлэл 2023 оны нэгдүгээр улирлаас хойш энэ оныг хүртэл 80 хувиар өссөн ч борлуулалтын хэмжээ нь ижил хугацаанд 15 хувиар буурчээ.
Теслагийн борлуулалт 2022 оны зургаадугаар сард оргилдоо хүрээд дахин өсөөгүй бол тэр үеэс хойш хувьцааны ханш нь 50 орчим хувиар өссөн байна.
Хувьцааны ханш, бизнесийн гүйцэтгэл хоёрын холбоо ингэж тасарсан нь Илон Маскийн хараахан хэрэгжүүлээгүй байгаа роботакси, хүн дүрст робот зэрэг төслүүдэд хөрөнгө оруулагчид найдсаар байгааг харуулж байгаа юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
