Ойрх Дорнодын хямралаас үүдэн эрчим хүч хэмнэхийн тулд Сөүл хот сурталчилгааны самбаруудаа эрт унтрааж, орой асаана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ойрх Дорнодын дайн сунжирсантай холбоотойгоор эрчим хүч хэмнэх, олон нийтийн дунд хэмнэлтийн сэдэл төрүүлэхийн тулд Сөүл хотын төвд байрладаг сурталчилгааны электрон самбаруудын ажиллах хугацааг богиносгох шийдвэр гарчээ.

Тухайлбал энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд Гванхвамун, Мёндон орчмын барилгууд дээр байрладаг 30 том самбарын ажиллах хугацаа өглөөний 06:00 цагаас шөнийн 00:00 цагийн хооронд байсныг 07:00-23:00 цаг болгон өөрчилсөн байна.

Өөрөөр хэлбэл ажиллаж эхлэх хугацаа нь нэг цагаар хойшилж, унтрах хугацаа нь нэг цагаар урагшилжээ.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр дүрсний өндөр нягтралтай самбаруудын метр квадрат тутам нь сард 80-100 кВц эрчим хүч хэрэглэдэг гэнэ.

Хоёроос гурван хүнтэй өрх сард дунджаар 300 кВц эрчим хүч хэрэглэдэг гэж тооцвол Гванхвамун, Мёндоны самбаруудын нийт хэрэглээ 2,600 орчим өрхийн сарын хэрэглээтэй тэнцэх юм байна.

Сөүл хотын захиргаа самбаруудыг эзэмшдэг хувийн хэвшлийнхэнтэй ярилцсаны дүнд ажиллах хугацааг богиносгох тохиролцоонд хүрчээ.

Үүнээс гадна хотын захиргаа саяхан самбаруудын гэрэлтэлтийн түвшнийг бууруулсан стандартыг баталсан нь энэ сараас эхлэн хэрэгжиж байгаа.

Энэ нь эрчим хүч хэмнэхээс гадна явган зорчигчид, жолооч нарын нүдийг гялбахаас сэргийлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой юм. Самбаруудын гэрэлтэлтийг бууруулснаар эрчим хүчний зарцуулалтыг 15 хувиар бууруулах тооцоо гарчээ.

 

Эх сурвалж: Seoul Economic Daily