"The MongolZ" баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн PGL Bucharest 2026 тэмцээний тойргийн шатны тоглолтууд Румын улсын Бухарэст хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд манай улсын "The MongolZ" баг дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа билээ. Тойргийн шатнаас гурван хожилтой найман баг Playoffs шатанд шалгарах учиртай. 

"The MongolZ"-ийн хувьд эхний тойрогт Португал төвтэй "BC.Game Esports" багийг, хоёрдугаар тойрогт Шведийн "EYEBALLERS" багийг хожсон. Гэвч өчигдөр шөвгийн наймд шалгарахын төлөө Данийн "Astralis" багт 0:2 тооны харьцаатай хожигдсон. 

Улмаар өнөөдөр дөрөвдүгээр тойрогт АНУ-ын "Wildcard" багийг 2:0 тооны харьцаатай хожсоноор PGL Bucharest 2026 тэмцээний шөвгийн найм буюу Playoffs шатанд шалгарч байна. "The MongolZ" өнөөдрийн тоглолтод Америкчуудын сонгосон "Dust2 map" дээр 13:11 онооны харьцаатай, өөрсдийн сонгосон "Nuke map" дээр 13:8-аар хожил байгууллаа.

PGL Bucharest 2026 тэмцээний тойргийн шатны тоглолтууд маргааш дуусна. Үргэлжлүүлэн энэ Пүрэв гарагт шөвгийн найман багийн тоглолтууд эхлэх хуваарьтай байгаа бөгөөд "The MongolZ"-ийн өрсөлдөгчид маргааш тодрохоор байна. 

Энэ тэмцээнд манай улсын баг түрүүлэх магадлал өндөр байгаа. Учир нь дэлхийн чансааг тэргүүлэгч Францын "Team Vitality", Украины "Natus Vincere",  Бразилын "FURIA" зэрэг баг тус тэмцээнийг өнжсөн.

Харин дэлхийн чансааны гуравт бичигдэж буй ОХУ-ын "PARIVISION", аравт эрэмбэлэгдсэн Данийн "Astralis" багууд хүчтэй өрсөлдөгчдийн тоонд орж байгаа билээ. Румынд түрүүлсэн баг 400 мянган ам.доллар авах бол дэд байрт шалгарсан багт 187,500 ам.долларын шагнал өгнө.