"A Witch's Life in Mongol" манганаас санаа авсан хүүхэлдэйн цуврал кино ирэх долдугаар сард олны хүртээл болно
Манга цувралаараа алдартай Япон Улсад 2021 онд "A Witch's Life in Mongol" нэртэй цуврал бүтээл гарч эхэлсэн байдаг.
Энэ цувралыг түүхэн бодит хүний амьдралаас сэдэвлэсэн юм. Тодруулбал 13 дугаар зууны үед Өгэдэй хааны зургаадугаар хатан Дөргөнэгийн шивэгчин байсан Фатима шулмын амьдралаас санаа авч бүтээжээ.
Их хааныг нас барснаас хойш таван жил буюу 1241-1246 оны хооронд Дөргөнэ хатныг Их Монгол Улсын төрийг барьсан гэж үздэг. Түүний үед Фатимаг шулмын зан үйл хийдэг байсан шивэгчин гэж тус мангад гардаг байна.
Өнөөгийн Ираны эртний хот Тусыг Их Монгол Улсын цэргүүд эзэлсний дараа боолын солилцоогоор Хархорум хотод ирсэн Шитара (дүрийн нэр) нэрээ Фатима болгон өөрчилснийхөө дараа гэр бүлийг нь хүйс тэмтэрсэн монгол цэргүүдээс өшөө авч буй талаар мангад өгүүлдэг.
Фатимагийн Дөргөнэ хатантай яаж холбогдсон нь түүхэнд тодорхой байдаггүй ч Монголын эзэнт гүрний перс гаралтай түүхч Ата малик Жувейнигийн бичиж тэмдэглэснээр Фатима нь боолын зах дээрээс Дөргөнэ хатны ордонд ирсэн гэдэг.
Түүхэн хүний амьдралаас сэдэвлэсэн мангаг "Tomato Soup" нэрээр бүтээлээ туурвидаг нэгэн уран бүтээлч зурсан бөгөөд Акита Шотен хэвлэлийн компани 2022 онд олны хүртээл болгожээ.
Японд ихэд алдаршиж 2023 оны шилдэг мангагаар тодорсон уг бүтээлийг хамгийн сүүлд 2025 оны дөрөвдүгээр сард тав дахь бүлгийг хэвлүүлсэн юм. Улмаар телевизийн цуврал болгохоор төлөвлөснөө өнгөрсөн онд зарласан билээ.
"Jaadugar: A Witch in Mongolia" нэртэй цуврал киног Kyoto Animation кино компанийн ерөнхий найруулагч Наоко Ямада, Science SARU-гийн испани найруулагч Абел Гонгора нар хамтран бүтээж буй.
Уг бүтээлийг ирэх долдугаар сард олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
