Artemis II багийнхан түүхэнд үлдэх дэлхийн бөмбөрцгийн гэрэл зургийг сарны цаад талаас буулгажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн Artemis II багийнхан өчигдөр сарыг бүтэн тойрсныхоо дараа хөлгийн жолоог дэлхий рүү залсан билээ.

Тэд буцах замдаа сарны цаад талаас дэлхийн бөмбөрцөг цухуйж буйг харуулсан түүхэн гэрэл зургийг буулгаснаа илгээжээ.

57 жилийн өмнө Apollo 8 багийн сансрын нисэгч Билл Андерс үүнтэй төстэй зургийг буулгаж байсан юм.

Гэхдээ орчин үеийн хувилбар нь сарны дэлхий рүү хардаггүй талаас авсан гэдгээрээ онцлог болж байна.

“Сарны цаад талаас авсан анхны гэрэл зураг” гэсэн тайлбартайгаар Цагаан ордон уг зургийг сошиал хуудсандаа нийтэлжээ.

Artemis II багийн дөрвөн сансрын нисэгч болох АНУ-ын Рийд Уайзмэн, Кристина Кок, Виктор Гловер, Канадын Жереми Хансен нар 2028 онд саран дээр буух дараагийн багийн замыг нээх үүрэгтэй аялсан юм.

Тэд сарыг нэг бүтэн тойрч, хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн дээд амжилтыг тогтоосныхоо дараа буцаж байгаа бөгөөд Баасан гарагт Калифорни мужийн эрэг орчмын Номхон далайн усанд газардана.

Тэд мөн хүн төрөлхтнөөс анх удаагаа сарны дэлхий рүү хардаггүй талыг нүдээрээ харсан хүмүүс болж байна.

“Хүн төрөлхтөн бидний харж байгаа зүйлийг харахаар бүтээгдээгүй байх. Үүнийг дүрслэх үнэхээр хэцүү. Энэ бол гайхалтай” гэж сансрын нисэгчдийн нэг Гловер хэлжээ.

Даваа гарагийн орой тэд NASA-гийн захирал Жаред Айзакмэн, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нараас баяр хүргэсэн дуудлага хүлээн авсан юм.

Трамп энэ үеэр сансрын нисэгчдээс хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн мөчүүдийнх нь талаар асууж, сарны араар орохдоо 40 минутын турш дэлхийтэй холбоо тасрах ямар байсныг сонирхжээ.

Artemis II багийнхан дэлхийгээс 406,771 км зайд хүрсэн нь 1970 онд Apollo 13 нислэгийн үеэр тогтоосон дээд амжилтыг 6,000 гаруй километрээр ахиулсан хэрэг байв.

Тэдний дундаас Гловер нь саранд хүрсэн анхны өнгөт арьстан, Кок нь анхны эмэгтэй, Хансен нь анхны Америк бус сансрын нисэгч болж байгаа.

Тэд бас урьд нь нэргүй байсан сарны хоёр тогоог нэртэй болгоод буцаж байна. Хоёр тогооны нэгийг Orion хөлгийнхөө капсулын нэр “Integrity”-ээр, нөгөөг нь багийн ахлагч Уайзмэний 2020 онд хорт хавдраар нас барсан гэргийн нэрээр “Carroll” гэж нэрлэжээ.

NASA сансрын нисэгчдийн нэрийн саналыг гараг эрхэс, тэдгээрийн гадаргуу дээрх тогтцуудад нэр оноох үүрэгтэй Олон Улсын Одон Орон Судлалын Холбоонд албан ёсоор бүртгүүлэхээр илгээжээ.

 

Эх сурвалж: AFP