Ой хээрийн түймэр тавьсан буруутанд нэг жилийн хугацаанд тэнсэх, нэг жил үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулжээ
Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн тодорхой төрлийн хэргийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тоймлон хүргэж байна.
Дорнод аймгийн прокурорын газраас иргэн З.М нь 2025 оны есдүгээр сард Халхгол сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өөрийн тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдан өвс, ургамлыг цэвэрлээгүйн улмаас шаталт үүсэж, хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76,182,851 төгрөгийн, бусдын эд хөрөнгөд 57,820,000 төгрөгийн, нэг хүний биед хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Хавар, намрын хуурайшилтын цаг хугацаанд ой, хээрийн бүсэд тээврийн хэрэгсэлтэй зорчихдоо иргэд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар нягтлах шаардлагатай бөгөөд жолооч нарын хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн яндангийн хэсэгт өвс их хэмжээгээр хуримтлагдаж, ой хээрийн түймэр гарах нэг шалтгаан болдог. Иймд та бүхэн сонор сэрэмжтэй байж, байгалиа хамгаалахыг уриалж байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 24.7 ДУГААР ЗҮЙЛ.ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВИХ
- Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

