Ираныг бөмбөгдөхөө хоёр долоо хоногоор хойшлуулж буйг Трамп зарлав

Т.Давааням, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зуучлагчдын гаргасан хүсэлтийн дагуу Ираныг бөмбөгдөх хугацаагаа хоёр долоо хоногоор хойшлуулж байгааг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зарлажээ.

Хоёр улсын хоорондын яриа хэлэлцээг зуучилж буй Пакистан улсын удирдагчдын хүсэлтээр ийм шийдвэр гаргаснаа тэр тайлбарласан байна.

“Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф, фельдмаршал Асим Мунир нартай ярилцсаны үндсэн дээр би өнөө орой Иран руу илгээж буй сүйрүүлэгч хүчээ түр зогсоохыг зөвшөөрлөө. Ормузын хоолойг Исламын Бүгд Найрамдах Иран Улс БҮРЭН, ЯАРАЛТАЙ, АЮУЛГҮЙ НЭЭХЭЭР тохиролцсоны дагуу би Ираныг бөмбөгдөхөө хоёр долоо хоногийн хугацаанд хойшлуулж байна” гэж Трамп сошиал хуудсаараа мэдэгджээ.

“Энэ бол хоёр талтай гал зогсоох тохиролцоо юм” гэж тэр цааш нь бичсэн байна. Ираны тал цаашдын яриа хэлэлцээний үндэс болохуйц 10 зүйлтэй санал ирүүлснийг Трамп бас мэдээлжээ.

Гал зогсоох хоёр долоо хоногийн хугацаанд дайсагнагч талууд гэрээ хэлцэл байгуулж чадна гэж тэр үзэж байгаа юм байна.

Дайны турш зорилго, цаг хугацааны талаар янз бүрийн мэдээлэл өгч байсан Трамп энэ удаа АНУ-ын зорилго биелсэн гэж үзэж байгаагаа дахин илэрхийлжээ.

Ираны дайн хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ, Израилийн зэвсэгт хүчний халдлагаар эхэлсэн билээ. Тегераны эрх баригчид хариуд нь Израиль болон Персийн булангийн орнууд дахь АНУ-ын баазуудад довтолж эхэлсэн.

Энэхүү дайн сар гаруй хугацаанд үргэлжлэхдээ дэлхийн зах зээлийг доргиож, газрын тосны үнийг хөөргөөд байгаа.

АНУ, Израилийн зэвсэгт хүчний Иранд, Израилийн армийн Ливанд явуулсан ажиллагааны улмаас олон мянган хүний амь үрэгдэж, хэдэн сая хүн орон гэрээсээ дүрвэсэн юм.

Трамп өгсөн хугацаанаас өмнө Ираны тал яриа хэлэлцээний ширээнд суухгүй бол “бүхэл бүтэн соёл иргэншил өнөө орой сүйрэх болно” хэмээн өмнө нь сүрдүүлж байв.

 

Эх сурвалж: Reuters