Уншиж байна ...

Францын эрх баригчид Оросын “сүүдрийн флот”-ын хөлгийн Энэтхэг ахмадыг багийнхантай нь хамт саатуулжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Францын эрх баригчид Ням гарагт Оросын “сүүдрийн флот”-ын нэг хэсэг байж болзошгүй газрын тос тээвэрлэгч хөлгийн ахмад болох Энэтхэгийн иргэнийг баривчлан саатуулжээ.

Прокурорууд баривчлах болсон шалтгаанаа хөлөг далбаагүй зорчиж байсантай холбон тайлбарласан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Францын тэнгисийн хүчнийхэн Газрын дундад тэнгист “Grinch” нэртэй уг хөлгийг зогсоож, Марсель хотын ойролцоо боомтод хүргэсэн юм.

58 настай ахмадаас гадна багийн бусад бүх гишүүнийг хөлөг дээр нь хориод байгааг прокурорууд бас мэдээлжээ.

Тэдгээр нь бүгд Энэтхэгийн иргэд юм байна.

Өрнөдийн хориг арга хэмжээг зөрчиж, хулгайгаар Оросын газрын тосыг гадаад зах зээлд тээвэрлэн хүргэдэг хөлгүүдийг “сүүдрийн флот” гэж нэрлэдэг.

Тэд ийм тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ мөрдлөгөөс зугтахын тулд далбаагаа солих, хуурамч далбаа мандуулах зэрэг арга хэрэглэдэг байна.

Бямба гарагаас хойш Францын өмнөд эргийн боомтын зогсоолд байгаа “Grinch” хөлгийг байлдааны нэг хөлөг, цагдаагийн хоёр эргүүлийн завь манаж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

Европын Холбоо өнгөрсөн хугацаанд нийт 598 хөлгийг Оросын “сүүдрийн флот”-ын нэг хэсэг байж болзошгүй үндэслэлээр хоригийн жагсаалтад оруулсан байдаг.

249 метр урт “Grinch” хөлөг энэ нэрээрээ Их Британийн хоригийн жагсаалтад, “Carl” гэсэн өөр нэрээр Европын Холбоо, АНУ-ын хоригийн жагсаалтад орсон байдгийг Францын эрх баригчид мэдээлжээ.

Францын тал есдүгээр сарын сүүлээр Бенин улсын далбаан дор газрын тос тээвэрлэдэг “Boracay” нэртэй хөлгийг бас саатуулж байв.

Тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгч Путин үүнийг “далайн дээрэм” хэмээн буруушааж байжээ.

“Boracay” хөлгийн ахмад болох Хятадын иргэнийг шүүх хурал хоёрдугаар сард товлогдсон байна.

 

Эх сурвалж: AFP