Уншиж байна ...

ШҮҮХ: Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нотлох баримт тогтоогдоогүй

А.Төгөлдөр, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

16 охин болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч Баасан гарагт болсон. Шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм. 

Дээрх шийдвэрийг шүүмжилж, эсэргүүцсэн хандлага олон нийтийн зүгээс гаргаж буй. Үүнтэй холбоотойгоор шүүхээс дараах мэдээллийг гаргажээ. 

"Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь шүүгдэгч Ц.Дагвадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт холбогдох хэргийг 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцэж, шийдвэрээ хэргийн оролцогч нарт танилцуулсан, улмаар шийдвэрийн тоймыг товч байдлаар бэлтгэн шүүхийн цахим хуудаст байршуулсан болно.

Тус шүүхээс “шийдвэр”-ээ хуульд заасны дагуу албан ёсоор бичгээр гаргаж, нийт оролцогч нарт гардуулах, улмаар цахим санд байршуулахаас гадна шүүх хурлын яллах, өмгөөлөгч талын оролцогч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шатны шүүхэд хянуулах эрхтэй тул хүлээцтэй, бодит мэдээлэлтэйгээр асуудалд хандахыг, мөн худал ташаа мэдээлэл түгээхгүй байхад анхаарахыг сонирхогч этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг олон нийтэд хандан мэдээлэл хүргүүлж байна.

Зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зарим ташаа мэдээлэл гарч байх тул дараах мэдээллийг тодруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг бодит байдлаар, эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

Тус зохицуулалтын хүрээнд Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийг өмнө нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч энэ нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамааралтай, ялангуяа цахим орчинд тарсан зурагтай холбоотой асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар прокурор, мөрдөгчид үүрэг болгож буцааснаас хэн нэгнийг гэмт хэрэгт гэм буруутай мэтээр урьдчилан шийдвэрлэсэн асуудал биш болно.

Мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаас гадна шүүх нь хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, тухайн шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй, харин үзэл бодол, таамаглалд хөтлөгдөх төдий байдлаар шийдвэрлэхийг хориглодог.

Тийм учраас, шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн нийт 14 хавтас, 3,500 хуудастай хэргийг нийт 11 өмгөөлөгч, 2 прокурор, хохирогч талын ар гэрийн хүмүүс, ард иргэдийн төлөөлөл, хяналтыг илэрхийлдэг 2 иргэдийн төлөөлөгч нарыг оролцуулж, улмаар хэргийн оролцогч нараас тус бүр чөлөөтэй, дэлгэрэнгүй шинжлэн судлуулсан яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтууд, тэдгээрийн стандарт шаардлага болон оролцогч нарын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, гэмт хэрэг үйлдэгдсэн үйл явдлыг сэргээн дүрсэлж, үнэлэн дүгнэхэд шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг “хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хангалттай нотлох баримт тус эрүүгийн хавтаст хэргийн хүрээнд тогтоогдоогүй байна.

Түүнчлэн тус хэргийг хянан шийдвэрлэгдэхээс өмнө цахим сүлжээнд цацагдсан гэх зураг, дүрслэл нь тухайн эрүүгийн хавтаст хэрэг дэх дуу-дүрсний бичлэгийг бүрэн бүтэн илэрхийлэхгүй, харин хүнийг алсан үйлдлийнхээ өмнө болон дараа Ц.Дагвадорж нь Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хэрцгий байдлаар айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн буюу боож унагаах, өөрийн өмнө мөргөж сөгдүүлэх, мөн ална, алуулна гэх байдлаар заналхийлж, эрхшээлдээ байлгасан зэрэг ноцтой үйлдлүүдийн процессын зөвхөн нэг хором хэсэгт хамааралтай болох нь илэрсэн, улмаар Ц.Дагвадоржийг унтсаны дараа Э.Ган-Эрдэнэ цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаад мэдэгдэж, цагдаагийн бүрэлдэхүүн очсон зэрэг дэс дараалал бүхий үйл явдлууд тогтоогдсон байдаг.

Иймд шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хүнийг алах гэмт хэрэгт хамтран оролцоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч Ц.Дагвадоржийг прокуророос зүйлчлэн ирүүлсэн гэмт хэргүүдэд гэм буруутайд тус тус тооцож, бүх насаар нь хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Хэд хэдэн шүүгдэгч нарын дотор насанд хүрээгүй шүүгдэгч байсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулахыг хуулиар шүүхэд үүрэг болгосны дагуу шүүх хуульд захирагдаж хуралдааныг хаалттай явуулсан болно.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх" гэжээ.