Сүүлийн үед Миннеаполис хотод хууль бус цагаачдын эсрэг ажиллагааг удирдаж буй АНУ-ын хил хамгаалах газрын ахлах албан тушаалтан Грегори Бовиньо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байгаа.
Энгийн иргэдийн эсрэг түрэмгий үйлдлээс нь гадна түүний өвөрмөц хувцаслалт, үс засалт үүний шалтгаан болж байна.
Бовиньо нь гуулин товчтой, урт хормойтой, ногоон өнгийн хүрмээрээ алдаршаад байгаа. Энэ нь АНУ-ын холбооны агентуудын өмсдөг хувцас, хэрэгслээс эрс ялгаатай харагддаг.
Бас Бовиньогийн үсний засалт анхаарал татаж байна.
Тэгвэл Германы “Der Spiegel” сонин түүний хэв маягийг Нацист офицеруудынхтай зүйрлэн бичжээ.
Бусад холбооны агентууд “гартаа таарсан бүхнийг” өмсдөг байж болох ч Бовиньогийн хувцаслалт “яг л Эс Эсийн дэгжин офицерыг санагдуулж байна” гэж нийтлэлч Арно Франк бичсэн байна.
Германы өөр нэг хэвлэл “Süddeutsche Zeitung” сонин бас Бовиньогийн хэв маяг Нацизмын үеийг санагдуулж байгааг бичжээ.
“Бусад улсуудад ийм хүрэм байдаг ч Бовиньогийн хэв маяг Нацистуудын дүр төрхийг бүрэн харуулж байна. Захны үзүүр дээрээ тэмдэгтэй хар цамц, мөрөн дээгүүрээ ташуу зүүсэн арьсан бүс зэрэг нь офицерын дүрэмт хувцасны түүхэн чимэглэл байсан ч одоо ихэвчлэн BDSM-ийн үзэгдэлд ашиглагддаг” гэж уг нийтлэлд бичсэн байна.
BDSM нь садизм, мазохизмтэй холбоотой эротик урлагийн хэлбэр юм.
Бовиньо хэвлэлд өгсөн ярилцлагууддаа Нацист хэв маяг үзүүлэх зорилгогүй, уг хүрмийг олон жилийн өмнөөс хэрэглэж байгаагаа тайлбарладаг.
АНУ-ын дотоод хэргийн яамны туслах нарийн бичгийн дарга Триша Маклафлин бас үүнийг няцааж, Бовиньогийн хүрмийг албан ёсны дүрэмт хувцасны нэг хэсэг гэж тайлбарлаж байв.
Гэвч хэвлэлүүдийн судалснаар 2025 оны Хил Хамгаалалтын Албаны дүрэмт хувцасны стандартад ийм хүрэм байгаагүй юм.
Бовиньогийн хэв маяг зөвхөн Германд биш, АНУ-д бас яригдаж байна.
Калифорни мужийн захирагч, Трампын цагаачлалын бодлогыг шүүмжлэгч Гэвин Ньюсом аравдугаар сард сошиал орчинд тарсан Бовиньогийн дүрс бичлэгийн дор “Хэрвээ та нар фашизм, авторитар дэглэмийн талаар яриаг хэтрүүлэг гэж бодож байвал үүнийг үзээрэй. Тэд хэн болохоо нуухыг ч хүсэхгүй байна” гэж бичиж байв.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!