Уншиж байна ...

Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаагч зодуулсан хэрэг нэг сарын дараа давтагдав

А.Ням-Өлзий, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цэргийн алба хаагч зодуулсан гэх мэдээлэл энэ сарын 24-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө. 

"Энэ оны нэгдүгээр сарын 24-ний 00:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч зодуулж, биедээ гэмтэл авсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Дээрх асуудалд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Урьдчилсан байдлаар хугацаат цэргийн алба хаагчид нэгнийгээ “Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдсон ба одоогоор цэргийн алба хаагч Ц нь эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлэх болно" гэжээ. 

Эргэн сануулахад, тус ангид алба хааж буй цэргүүд нэгнийхээ биед халдсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Уг хэргийг хуулийн дагуу шалгахаас гадна, дотоод хяналт шалгалт явуулж, Ерөнхий сайд энэ төрлийн хэрэгт хатуу арга хэмжээ авах үүрэг өгч, ХЭҮК зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хэрэг гарсан цэргийн ангид ажиллаж, улмаар Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. 

Гэвч дээрх явдлаас хойш нэг сарын дараа тус ангид дахин цэрэг зодуулж гэмтсэн хэрэг гарлаа.