Уншиж байна ...

Америк-Украин-Оросын анхны гурван талт яриа хэлэлцээ ахиц дэвшилгүй өндөрлөлөө

Т.Давааням, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын зуучлалтайгаар Абу Даби хотод болсон Украин, Оросын төлөөлөгчдийн уулзалтын хоёр дахь өдөр Бямба гарагт ямар нэг ахиц дэвшилгүй өндөрлөлөө.

Гэхдээ ирэх долоо хоногийн сүүлээр яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ.

Уулзалтын дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Хэлэлцээний гол анхаарал дайныг зогсоох боломжит параметрүүдэд төвлөрч байлаа” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.

АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтан дараагийн уулзалтыг ирэх долоо хоногийн Ням гарагт зохион байгуулж болзошгүй болсныг мэдээлжээ.

“Талууд үнэхээр шийдэл олохыг эрмэлзэж байсан тул бид тэдэнд маш их хүндэтгэлтэй хандаж байсан. Бид асуудлуудыг нэлээд дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд ирэх Ням гарагт болох дараагийн уулзалтаар үр дүнд хүрэх байх гэж үзэж байна” гэж уг албан тушаалтан хэлсэн байна.

2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш анх удаа Америк-Украин-Оросын гурван талт яриа хэлэлцээ болсон нь энэ юм.

зураг
 

Уулзалтыг үргэлжилж байх хугацаанд Украины хотуудыг чиглэсэн Оросын агаарын довтолгоо үргэлжилж байлаа.

Бямба гарагийн шөнө Оросын арми нийслэл Киев болон Украины хоёр дахь том хот Харьковт олон зуун нисгэгчгүй онгоц, пуужингаар довтолсон байна.

Абу Дабигийн яриа хэлэлцээнд оролцоогүй Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига “Энэхүү зэрлэг халдлага нь Путиний байх газар (АНУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан) Энх Тайвны Зөвлөл биш, харин тусгай шүүхийн шүүгдэгчийн суудал болохыг дахин нотолж байна. Түүний пуужингууд зөвхөн манай ард түмэнд биш, хэлэлцээний ширээнд туслаа” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.

Уулзалтыг зохион байгуулагч Арабын Нэгдсэн Эмират Улсын засгийн газар яриа хэлэлцээ “бүтээлч, эерэг уур амьсгалтай” болсон, итгэлцлийг бэхжүүлэх арга замуудыг хэлэлцсэн тухай мэдэгдэлдээ дурдсан байна.

Трампын засаг захиргаа дайныг дуусгахын тулд эзлэгдсэн газар нутгаа Оросын талд шилжүүлэн өгөх нөхцөлийг Украины эрх баригчдад тулгаж байгаа.

Энэ долоо хоногт Давосын чуулганд үг хэлэхдээ Трампын тусгай элч Стив Виткофф дайныг дуусгах хүчин чармайлтад маш их ахиц дэвшил гарч, ганцхан асуудал үлдээд байгааг мэдэгдсэн.

Тэрбээр газар нутгийн асуудлыг хэлж байгаа нь тодорхой байлаа. Гэхдээ Оросын албаныхны байр суурь эргэлзээтэй сонсогдсон хэвээр байна.

Уулзалтыг эхлэхийн өмнө Баасан гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа дорнод Украины бүс нутаг Донбассыг бүхэлд нь шилжүүлж өгөх Оросын шаардлага хэвээр байгааг баталсан юм.

Гэхдээ Украины эрх баригчид Оросын армийн дөрвөн жил тулалдаад бүрэн эзэлж чадаагүй энэ бүс нутгийг өгөхөөс эрс татгалзаж байгаа.

Оросын тал дипломат арга зам мухардалд хүрвэл дайнаа үргэлжлүүлэхэд бэлэн байгааг анхааруулсаар байна.

Бямба гарагийн шөнө болсон халдлагад Оросын арми 375 нисгэгчгүй онгоц, 21 пуужин ашиглаж, эрчим хүчний дэд бүтцүүдийг онилсон талаар Украины зэвсэгт хүчин мэдээлжээ.

Энэ үеэр нэг хүн алагдаж, 30 гаруй хүн шархадсан байна. Мөн Киев хотын томоохон хэсгийн цахилгаан, дулааны хангамж тасалджээ.

 

Эх сурвалж: Reuters