“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгаатай Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр танилцав.
Энэ үеэр "+70 градус хүртэлх хүнд орчин нөхцөлд онцгой ур чадвар гаргаж ажилласан гагнуурчдыг шагнаж, урамшуулна" гэдгийг тэрбээр мэдэгдээд буй.
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн нөхцөл байдлын талаарх инженер техникийн ажилтны өгсөн мэдээллийг хүргэе.
Энэ талаар "Одоо дөрөвдүгээр зуухыг засварлах ажил үндсэндээ дуусаж байна. Ус авч дүүргэх ажил руугаа орсон. Ингэж дүүргэсний дараа шугам хоолойнууддаа үзлэг хийнэ.
Металлын үзлэг хийж, гагнуурын оёдлуудаа шалгаад хэвийн болбол оройн оргил ачааллын цагаас өмнө зуухаа галлаад залгана. Сүлжээний хувьд 15,800 тонн усыг халааж байна. Үүнд хүндрэлтэй зүйл байхгүй. Хамгийн гол асуудал бол дөрөвдүгээр зуухыг засварлах шаардлага байна" гэв.
Ерөнхий сайд: Шугам хоолой, металлын элэгдэл юунаас шалтгаалав.
Инженер: Насжилттай холбоотой буюу олон жил солиогүй эд ангиуд даралт даахгүй хагарч байна. Нөгөө талаар шаталт явагдаж байгаа учраас утааны хий нөлөөлж, гадна талаас үрэгдэн нимгэрснээр дотор, гадна хоёр талаас нимгэрч байна.
Сая шугам хоолойн ойр орчимд металлын үзлэгээ хийсэн. Гурван турбинд гэмтэл үүсэн бөгөөд тэдгээрийг гагнаж дууссан.
Ерөнхий сайд: Дөрөвдүгээр цахилгаан станц гол ачаалал авч, дулаан, цахилгаан хэрэглээний 56 хувийг хангаж байгаа учир тохируулгын горим дээр ажиллахад хэлбэлзэл их байгаа байх. Металл хоолойн элэгдэл илүү хурдацтай явагдаад байгаа нь үүнтэй холбоотой юу?
Инженер: Тийм ээ. Шөнийн горимдоо хойш урсгахгүйн тулд ачааллаа дардаг. Горим маань тогтвортой байх ёстой.
Ерөнхий сайд: Нөгөө талаас та нарын л буруу байна шүү дээ. Чадлыг тогтворжуулахгүй нөөцгүйгээр шууд хүчин чадалд нь тулгаад шахаад байхаар...
Инженер: Турбинуудаа шинэчилснээр манай цахилгаан чадал 89 МВт-аар нэмэгдсэн. Одоо турбин дээр цахилгаан чадлын нөөц байгаа. Гэхдээ зуухаа тултал нь ачаалаад байгаа.
Ерөнхий сайд: Зуухаа тултал нь ашиглаад байхаар шугам хоолойд нөлөөлөөд байгаа байх.
Инженер: Хүчин чадалд нь тулгаж ачаалаад буцааж горимтойгоо холбогдуулж дараад ачааллуудаа хэлбэлзүүлээд байгаа.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!