Солонгос юүтүбер Ким Мүнкийг танилцуулж байна. Тэрбээр анх удаа ганцаарчилсан үүргэвчтэй аялал хийж байгаа бөгөөд Монголд саатах үед нь бид тааралдсан юм.
Тэрбээр БНСУ-ын үндэсний олон нийтийн KBS телевизэд туслах найруулагчаас ажлын гараагаа эхэлж, MBC телевизэд нийгмийн асуудал болон гэмт хэргийн мөрөөр сурвалжилдаг нэвтрүүлгийн продюсероор ажиллаж байжээ.
Харин одоо Ким Мүнки өөрийн юүтүб сувгийг хөтөлж, үүргэвчтэй аяллаа үргэлжлүүлэн дурсамжаа гэрэл зурагт буулгаж явна.
Энэ он гарсаар манай улсыг 35,308 гадаадын жуулчин зорин ирэв. Тэр дундаа Хятад, Орос, Япон, Солонгосын жуулчдын урсгал хамгийн их байгааг дараах графикаас харах боломжтой.
Зураг: Жуулчдын ерөнхий мэдээлэл
Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийг зорьж яваа түүний аяллын түүх сонирхол татсан тул аялагч, юүтүбер Ким Мүнкитэй ярилцлаа.
"Байгальтай ойр амьдрах монголчуудын уламжлалт ахуй соёл Солонгосын мянга мянган аялагчдын сонирхлыг татдаг. Тиймээс ч миний аяллын маршрутад Монгол Улс зүй ёсоор багтсан"
-Сайн явж байна уу. Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу. Би солонгос хэл, утга зохиол болон соёлын контент бүтээх чиглэлээр мэргэжил эзэмшиж, төгссөнийхөө дараа KBS телевизэд туслах найруулагчаар хоёр жил, MBC телевизэд гурван жил ажиллаад завсарласан.
MBC телевизийн өглөөний шууд нэвтрүүлэг нь өргөн цар хүрээг хамардаг бөгөөд нийгмийн асуудал, хүний түүх, орчин үеийн чиг хандлага, гоо сайхан, хоол хүнс тэр бүү хэл гэмт хэргийн мөрөөр мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэдэг. Энэ нэвтрүүлгийн багт нэг хэсэг нь болж ажиллаж байсан.
Харин одоо үүргэвчтэй аялж юүтүб сувгаа хөгжүүлж байна.
-Монголд анх удаа ирж байгаа юу. Аяллаа хэрхэн төлөвлөсөн бэ?
-Тийм ээ, анх удаа Монголд ирж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард үүргэвчтэй аяллаа Хятадаас эхлүүлсэн.
Үүний дараа Улаанбаатар хотод ирж хоёр долоо хоноод Орос руу явсан. Тэнд арав хоноод Улаанбаатарт буцаж ирээд одоо Баян-Өлгийд байна.
-Таны төсөөлсөн Монгол бодит байдал хоёр ялгаатай байсан уу?
-Цаг агаар маш хүйтэн, хоол хүнсний гол орц нь мах юм байна. Эхэндээ үүнд дасахгүй бага зэрэг хямарсан.
Гэхдээ монгол хүмүүс хаалттай зан чанартай мэт боловч тулаад харилцахад маш сайн найз болж чаддаг юм шиг. Энэ нь надад гүн сэтгэгдэл үлдээсэн.
-Энэ хүйтэнд яагаад Баян-Өлгий аймгийг зорих болов, юу нь таны сонирхлыг татсан бэ?
-Мэдээж байгаль. Байгальтай ойр амьдрах монголчуудын уламжлалт ахуйтай танилцах нь сонирхолтой.
Үнэнийг хэлэхэд Улаанбаатарт очиход надад бага зэрэг таагүй санагдсан. Машин ихтэй, замбараагүй, агаарын бохирдолтой, ялангуяа хотын өвөл их хүнд.
Тоёота, Хюндай загварын машинаас эхлүүлээд CU, GS25 сүлжээ дэлгүүр маш их байсан нь үнэндээ гайхмаар. Энэ мэтчилэн япон, солонгос зүйлс олон харагдсан.
Хотын амьдрал нь Солонгосынхтой их төстэй. Би арай өөр онцгой зүйл хүлээсэн байх. Монголын ялгарлыг харахыг хүссэн. Миний хувьд жинхэнэ уламжлалт монгол ахуй, нүүдэлчин амьдрал илүү сонирхолтой. Манай улсаас Монголыг зорьдог хүмүүс ч байгалийн сайхныг үзэх гэж ирдэг.
-Ганцаараа үүргэвчтэй аялалд гарах шийдвэрийг яагаад гаргасан бэ. Эх орондоо биш гадаадаар ганцаараа аялахад их зориг шаардах байх.
-Ажлаас үүдэлтэй стресс, нийгмийн өрсөлдөөнөөс өөрийгөө түр чөлөөлөх хүсэл аялахад хүргэсэн.
Би ажил карьераа өөрчилж, архитектурын тэс өөр салбарыг сонгосон ч надад тохирох ажил биш байсан учир гарчихсан. Ингээд л урт хугацаанд бодож явсан зорилгоо хэрэгжүүлэхээр аяллаа эхлүүлэхээр шийдсэн.
Хэдэн мянган километр автобусанд сууж, явган алхаад ч хамаагүй мөрөөдлийн аяллаа үргэлжлүүлж явна. Монгол, Орос, Хятад улсаар аялж, цааш Казахстанаар дайрч Европ руу гарахаар төлөвлөж байна. Энэ бол миний амьдралын хамгийн анхны ганцаарчилсан үүргэвчтэй аялал бас мөрөөдөл.
Байгалийн сайхныг харж, амар тайвныг мэдэрч, шинэ найзуудтай болох нь гол зорилго. Энэ урт аялалд ганцаараа аялахад мэдээж олон айдас байсан. Гэхдээ миний амьдралын мартагдашгүй мөч, бас томоохон зорилгын нэг хэсэг юм.
Монголд маш хүйтэн байгаа ч хүмүүс нь эелдэг, нөхөрсөг зан чанартай юм аа.
Солонгосчуудыг таатай хүлээж авдаг юм шиг санагдлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!