Индэр    
1 цаг 28 минутын өмнө
Зураг
iKon.mn Сэтгүүлч

Г.Ганзориг: Үр хүүхэд заяадаг Өлгий овоо, уул ус хилэгнүүлснийг хараадаг догшин Шивээт хайрхнаа шүтэж, залбирдаг

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт Шивээт хайрхан уулынхаа нөмөрт Гопаны Ганзоригийнх өвөлжиж байна. 

Алтайн уулсаар хүрээлэгдсэн энэ өндөрлөг бүс нутагт тува, урианхай, дөрвөд, казах үндэстэн ястан мал сүргээ өсгөн үржүүлж, жилийн дөрвөн улирлын аясыг даган нүүдэллэнэ. 

Байгаль цаг ууртаа дасан зохицож, уул усандаа ойр амьдрах нь амгалан тайван. Зуд л болчихгүй бол өвөл малчдын ажил харьцангуй бага. Харин хавар төлийн дуу цангинах үед үүрийн гэгээтэй өрсөж гараад үдшийн бүрийд л гэртээ орж ирдэг гэдгийг хэлнэ. 

Зуны урин цагт сааль сүү бэлтгэхээс эхлээд эмэгтэйчүүдийн ажил ундарна. Одоогоор хөдөөгийн ажил их биш байна гэв. 

Г.Ганзоригийнх айл болж өрх тусгаарлаад 20 гаруй жил өнгөрчээ. 

Анх аав, ээж маань 60, 70-аад толгой мал хуваан өгсөн нь одоо бог бод нийлээд 500 гаруй болж өсөөд байна. Сүүлд жуулчинд явахаар хоёр тэмээ худалдаж авсан.

Та нарыг ирэх замд тэмээ харагдав уу гэсээр малынхаа сураг чимээг тавина. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Толбо сумын малчид адуундаа GPS суулгаад байршлыг нь утаснаасаа хардаг гэнэ. Хоёр тэмээндээ зүүлгээд хаа яваа газрыг нь хардаг болчихвол амар байх сан хэмээнэ. Бид ч ирэх замдаа хоёр тэмээ харснаа хэлэхэд Г.Ганзоригийн сэтгэл амарсан нь илт. 

Ийнхүү биднийг хөөрөлдөх зуур гэрийн эзэгтэй зочдодоо сүүтэй цай аягалж, ааруул, өрөм, боорцог, шар тос аль байдгаараа ширээгээ дүүргэж дайлна. 

Тэд ам бүл дөрвүүлээ. Том охин нь хотод Батлан хамгаалахын их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан, жүдо бөхөөр аймгийн гурван удаагийн аварга, хөнгөн атлетикаар аймгийн аварга, жиү жицүгийн улсын аварга. Харин түүний хүү төгсөх ангийн сурагч тул хичээл сургууль амарсан энэ үед хөдөө гэртээ ирж, аав ээждээ тусалж байв. 

Оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, ойр зуурын хэрэглээнд нэмэртэйг бодож Улаанхус сумын нутгаас хоёр тэмээ худалдаж аваад гадаад, дотоодын жуулчдыг аялуулж үзсэн тухайгаа Г.Ганзориг ярьж байлаа. 

Өнгөрсөн зун Малайз, Францын жуулчдыг дагуулж, нутаг орноо үзүүлжээ.
Гадаадын жуулчдын гайхширлыг нүүдлийн мал аж ахуй, малчдын амьдрал, уул овоо, хадны сүг зургууд ихэд татдаг байна.

Нутгийн иргэдийн ам дамжсан яриагаар хүүхэдгүй хүмүүс үр хүүхэд гуйж залбирдаг овоо Цэнгэл сумын Загаст нуурын бригадын ойролцоо цагаан голын гүүр дөхөх замд бий.

Сайн ажваас голдоо өлгийтэй хүүхэд шиг хэлбэртэй Өлгий овоонд үр хүүхэдгүй нь үр хүүхэд хүсэж, үр хүүхэдтэй нь үр хүүхдээ даатгаж залбирдаг байна.

Үр хүүхэд заяадаг энэ овоонд архи дарс өргөхийг цээрлэнэ. Чихэр жимс, сүү цагаа л өргөдөг юм шүү гэдгийг холын зочдод тайлбарлав.

Үр хүүхэд хүсэж залбирдаг Өлгий овоо

Үүний дараа шүтлэгт Шивээт хайрхны талаарх сонин содон түүхийг бидэнтэй хуваалцсан юм. 

Нутгийн иргэд Шивээт хайрхныг ихэд шүтдэг. Тэр зүгт харж бие засахыг цээрлэдэг. Энэ хайрханд ирвэс, янгир элбэг байдгийг Г.Ганзориг хэлж, ирвэсийн гол идэш нь янгир. Тиймээс янгир байгаа газарт ирвэс байнга л байдаг гэдгийг тайлбарлана. 

Намар болохоор янгир ямаа урд нуураас ундаалдаг. Шивээт хайрхан бараг 600 гаруй янгир ямаатай гэж сонссон. Гэхдээ хоёр гурван жилийн зудаар нэлээд нь үрэгдсэн байх. 

Шивээт хайрхныг тувачууд их шүтдэг. Догшин хайрхан тул ан амьтныг нь авч, ан гөрөө хийж буудаж болохгүйг Г.Ганзориг хэлж, урьд өмнө болсон явдлыг ярилаа.  

"Дээр үед нэг хүн Шивээт хайрхны янгирыг буудаад бараг л айлаараа явчихсан гэдэг. Айхавтар хараадаг догшин хайрхан" хэмээв. 

Түүнтэй ийнхүү ярилцах зуураа Баян-Өлгий аймгийн зарим уул усны нэршлийг өөрчилсөн эсэх сэдвийг ч асуув. 

Г.Ганзориг тайлбарлахдаа "Энэ өвөл монгол нэршлээр нь хэлж занших тухай асуудал гарсныг дуулсан.

Үндсэн нэршил нь байгаад байдаг тэрийг нь хөрвүүлчихдэг. Хоорондоо ярилцахдаа ярианы хэллэгээр л дууддаг гэсэн үг. Хар салаа гэвэл Кара (хар гэсэн казах үг)-ийг хэлэх жишээтэй.

Тувачууд бид уул усны нэрийг монгол нэршлээр нь хэлэхийг боддог" гэдгийг ярьж байлаа.  

"Бид уул усны нэрийг монгол нэршлээр нь хэлэхийг боддог" гэлээ. 

Баян-Өлгий аймагт хөдөө айлуудаар явах замд хадны сүг зураг, буган чулуун хөшөөтэй хаа нэг таарна. 

Хадны сүг зурагт ирвэс, янгир, чоно, загас дүрсэлжээ. Энэ нь чулуун зэвсгийн үеэс гаршуулж эхэлсэн ан амьтдыг илтгэнэ. 

Алтай Таван Богдын зүүн сугаас эх авч урсах Цагаан Салаа, Бага Ойгорын нутагт бүр арсланг дүрсэлсэн хадны зураг байдаг.

Тухайн үед энэ нутагт арслан амьдарч байсныг хадны сүг зургаас харж болно гэдгийг нутгийн иргэн тайлбарласан. 

Харин буган чулуу гэдэг нь Монгол болон Төв Азийн нутагт өргөн тархсан, Хүрэл зэвсгийн үед хамаарах түүх, археологийн дурсгал юм. Буга нь сүнс, тэнгэр, хойт ертөнцөд дэвших утгыг илэрхийлдэг гэж үздэг байна. 

2023 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд “Монголын буган чулуун дурсгал, холбогдох зан үйлийн цогцолбор” нэрээр бүртгэгдсэн. Буган чулуу нь эртний нүүдэлчдийн оюун санаа, урлаг, түүхийг илэрхийлсэн үнэ цэнтэй дурсгалд тооцогддог билээ. 

Баян-Өлгий аймагт 20-оод том нуур, 400 гаруй жижиг гол горхи бий. Үүний нэг нь аялагчдад хэдийн танил болсон сүүн гол билээ. Энэ гол уулын мөс хайлах урин цагаар цагаан өнгөтэй урсдаг ч намрын улиралд ус нь тунгалаг болдог тухай Г.Ганзориг сонирхуулна. 

Уул ус, овоо тахилга, ан амьтад, онгон дагшин байгалийг шүтэж ирсэн нүүдэлчдийн амьдралын амар амгаланд хэн бүхэн татагдана.

Ийнхүү бидний яриа өндөрлөж, дараагийн айл руу хөдлөх цаг болоход Г.Ганзориг нохойгоо хорьж, ирсэн зочдыг үднэ.