1
2
3

СУРВАЛЖИЛГА: Ан ав хийх эр зориг гагцхүү эм бүргэдэд л бий

П.Сайнжаргал, IKON.MN
15 минутын өмнө
iKon.MN
СУРВАЛЖИЛГА: Ан ав хийх эр зориг гагцхүү эм бүргэдэд л бий
Зураг

Улаанбаатар хотоос даруй 1,600 гаруй километр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчны хотноос ikon.mn мэдээллийн сайт ээлжит цуврал сурвалжилгаа бэлтгэн хүргэж байна. 

Гунан үхрийн эвэр хуга хөлддөг гурван есийн хүйтэн ид дундаа байгаа ч Баян-Өлгийд тачигнасан хүйтэн жавар үл мэдрэгдэнэ.

Уулын нөмөр бараадаж айлууд өвөлжөөндөө буудаг тул салхи шуурганы нөлөө тэр бүр анзаарагдахгүй байна уу гэлтэй. Гэхдээ тэнгэрийн өнгийг таашгүй, өглөө намуухан байснаа өдөр нь хуйсганаж мэднэ.

Байгалийн энэ аашийг малчид андахгүй ээ. Тиймдээ ч өвлийн бэлтгэлээ сайтар хангаж, адуу мал, үхэр сарлагтаа нэмнээ өмсгөж, зузаалжээ. 

Хотын амьдралд хүн техник технологитой харьцах, хүн хүнтэйгээ харилцах ур чадвар хамгаас чухал мэт. Харин хөдөөд, нүүдэлчдэд гагцхүү байгаль дэлхийтэйгээ дасан зохицож аж төрөх арга ухаан үйлчилнэ.

Зураг

Өвөө амьдралынхаа турш 10 бүргэд сургасан. Харин түүний зээ анхны бүргэдээ авчээ

Бидний зорьж очсон бүргэдчин айл аймгийн төвөөс 80 гаруй километрийн зайд Цэнгэл суманд амьдардаг. 

Тэднийх одоогоор хоёр бүргэдтэй. Гурван настай Тастүлек бүргэд долоохон хоногийн өмнө иржээ. Харин есөн настай Хыран бүргэдийг зургаан жил сургаж, хамт ан авд явж байгаагаа гэрийн эзэн ярина. 

Бүргэдийн эрчтэй идэр үе нь 10-20 нас. Энэ үедээ бүргэдийн ан авын ур чадвар нь оргилдоо хүрдэг байна. 

Казах айлд аав, хүү хоёр тус тусдаа нэг бүргэдтэй байх нь энгийн үзэгдэл. Үндсэндээ нэг гэрт хоёр бүргэд байх нь аав, хүүгийнх гэсэн үг.

Бүргэд хурц хараатайн зэрэгцээ биеийнх нь хамгийн чухал хэсэг бол далавч. Хуучин өд сөдөө хаяж, хавар зуны цагт шинэ өд сөд төлжиж гарахад далавчийг нь сайтар арчлах хэрэгтэй байдаг аж. 

Адуу мал хариулах малч ухаан, анч бүргэд сургах арга туршлагыг өвлөн тээж, залууст үлгэрлэн яваа 73 настай адуучин, бүргэдчин С.Аманкелди гуай амьдралынхаа турш арав гаруй бүргэд сургажээ. 

Одоо түүний зээ хүү анхны бүргэдээ өөртөө авсан нь энэ юм. Гурван настай Тастүлек бүргэдийг 13 настай Н.Ерикбол хүү ийнхүү сургаж, бүргэдчин болох бэлтгэлээ базааж байна. 

@mpa
@mpa

"Бүргэд хүний гар дээр 5-6 жил болсны дараа байгальд нь буцаан тавьдаг"

Давхардсан тоогоор Баян-Өлгий аймагт 200 орчим бүргэдчин бий. 

Тэд уулын бүргэд буюу цармын бүргэдийг ан хийх өв соёлдоо өргөн ашиглаж байна. Гэхдээ ан ав хийх эр зориг гагцхүү эм бүргэдэд л байдаг нь учиртай.

Бүргэдээр ан ав хийх соёл 2,500-3,000 жилийн түүхтэй. Ингэхдээ зөвхөн эм бүргэдийг сургаж, анд явдаг эртний тогтсон уламжлал байдгийг Казах шувуулахуйн холбооны тэргүүн Б.Бекболат бидэнд тайлбарласан юм. 

Эм бүргэд илүү том биетэй, бяр чадалтай тул сайн анчин болдог байна. 

Харин эр бүргэд жижиг биетэй, голдуу үүрээ сахиж үлддэг. Идэш тэжээлээ олж ирэхэд эм бүргэд голлох үүргийг гүйцэтгэдэг тул илүү анчин. Энэ утгаараа ан авд зөвхөн эм бүргэдийг сургадаг аж. 

Энэ жигүүртэн ангаа хараагаараа олж довтолдог. Хурц хараатай тул ихэнхдээ нүдийг нь халхалж Томага (бүргэдийн нүдийг халхалсан малгай) өмсгөнө. Харин анд гарч довтлоход нь толгойн хаалтыг нь авбал эргэн тойрноо нэг ажиглалтаар хараад л олзоо төвөггүй шүүрч чаддаг эрэмгий. 

Гэрт уяатай үлдээсэн ч эзнийхээ дуу хоолойг гаднаас сонсоод таньж чаддаг ухаантай. 

Бүргэд гол төлөв үнэг, хярс, туулай зэрэг ан барина. Барьсан ангийн халуун махыг бүргэддээ өгч, харин ангийн үсээр нь бүргэдчид хувцас хэрэгсэл, малгай хийж өмсдөг уламжлалтай. 

Энэ жигүүртэн 30 гаруй жил амьдардаг бөгөөд дэгдээхэй нь 40, 50 хоногийн дараагаас нисэх чадвартай болж, ан хийж эхэлнэ. 

Бүргэд сургахад нарийн эв дүй хэрэгтэй. Хүн болгон зэрлэг амьтантай харьцах арга ухаан, эв дүйтэй байж чаддаггүйг 35 жил бүргэдийн ан хийсэн С.Аманкелди гуай ярина.

Харин хүний гар дээр 5-6 жил болсны дараа бүргэдийг байгальд нь буцаагаад тавьдаг. Тиймээс есөн настай Хыран бүргэдийг байгальд нь удахгүй буцаан тавих гэж байгаа аж. 

Учир нь анч бүргэдийг байгальд нь буцаан тавьснаар өсөж үрждэг байна. 

Амьтад хүний сэтгэл хөдлөлийг шууд мэдэрдэг учир чи тэднийг хуурах боломжгүй. 

Бүргэд болгон өөр өөрийн зан араншинтай. Тиймээс аль бүргэдтэй яаж харьцах вэ гэдгээ ч нарийн бодох хэрэгтэй болдог аж. Гэхдээ бүргэд дасамтгай амьтан тул өдөр болгон харьцаж, хооллож, ундалж буй хүнтэйгээ илүү дотно.

Түүний зээ хүү яг л энэ аргаар бүргэдтэйгээ эелдэг зөөлөн харьцаж, өдөр өдрөөр өөртөө дасгаж байгаа нь энэ. Бүргэдтэйгээ илүү дотно болбол хамт анд явах нь хүүгийн ойрын зорилго.  

Амьтадтай харьцахад нэг л дүрэм үйлчилнэ. Чи яаж харьцана тэр чамтай яг л тэгж харьцана. Эелдэг зөөлөн хандвал тэд ч найрсаг дотно байж чаддаг хэмээн С.Аманкелди гуай бүргэд сургах арга туршлагыг энгийнээр тайлбарласан.
Зураг

"Ан ав хийж олз омог ихтэй байвал дагалдан яваа зочиндоо үнэг бэлэглэдэг"

С.Аманкелди гуай залуудаа адуучин байснаа дурсана. Харин бүргэд сургаж, ан авд явах сонирхол нь 25 настайдаа эхэлжээ. 

Тэрбээр хамгийн анх 25 насандаа бүргэд сургаж байсан бол одоо зээ нь 13 насандаа бүргэдтэйгээ танилцаж байгаа юм. 

С.Аманкелди гуай залуу насныхаа дурсамжид тод үлдсэн түүхээ ч бидэнтэй хуваалцлаа. Казах ёсонд буян хишиг, аз хийморь авчирдаг хүн байдаг гэж үздэг ажээ.

Залуудаа С.Аманкелди гуай хоёр найзыгаа дагуулаад бүргэдийн анд явж, хоёр ч үнэг агнажээ. Олз омог ихтэй байсан тэр өдөр найзууддаа талархаж барьсан ангаа өгөөд сэтгэл дүүрэн гэртээ харьсан тухайгаа дурсана. 

Ийн ан ав хийж олз омог ихтэй байвал дагалдан яваа зочиндоо үнэг бэлэглэдэг уламжлалтай. 

Учир нь чи аз дагуулсан хүн.

Зураг

"Бүргэдтэй найз шиг харьцаж чадвал хүнд амархан дасна"

Н.Ерикбол хүүгийн хувьд аавтайгаа хамт бүргэдийн анд явсан тэр цагаас хойш өөрийн бүргэдтэй болохыг тун их хүсжээ.

Тэр өдөр аав нь бүргэдээ аваад өндөр уулан дээр гарч, харин Н.Ерикбол чулуу шидэж, чанга дуу гаргаж үнэг, хярс үргээхээр томилогдсон. Олзоо онож харсан бүргэд хурц хараа, хүчирхэг далавч, хүчит сарвуугаараа нүд ирмэхийн зуургүй шүүрчээ. 

Ийнхүү анч бүргэд, аав хоёрыгоо алсаас харсан хүүгийн ойрын зорилго нь энэ болж. 

Бүргэдтэй найз шиг харьцаж чадвал хүнд амархан дасна. 

Олон жил эзэнтэйгээ хамт байсан бүргэдийг байгальд нь тавьсан ч гэртээ буцаж ирсэн тохиолдол байдаг.

Бүргэдийг байгальд буцаан тавихад өвөрмөц ёс бий. Хаврын урь орсон цагаар мал төхөөрч гаргаад бүргэдээ байгальтай нь дасгах нэгэн төрлийн арга байдаг аж. 

🦅🦅🦅

Сурвалжилгыг бэлтгэсэн:

Сэтгүүлч П.Сайнжаргал

Гэрэл зурагчин Д.Эрдэнэцэцэг

Гэрэл зургийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын бүргэдчин С.Аманкелди гуайн хот айлаас авав.