Уншиж байна ...

Хятадтай худалдааны гэрээ байгуулахаар болсон Канадыг Трамп 100 хувийн импортын татвараар сүрдүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хятад улстай худалдааны гэрээ байгуулбал Канад улсын бүх бараа бүтээгдэхүүнд 100 хувийн импортын татвар ногдуулахаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр анхааруулжээ.

Энэ долоо хоногт Швейцарын Давос хотод болсон Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр Канадын ерөнхий сайд Марк Карнигийн хэлсэн үг Трампыг нэлээд бухимдуулаад байгаа.

Карни саяхан Хятадад айлчилж, ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа хоёр улс худалдааны шинэ гэрээ байгуулах тохиролцоонд хүрснийг зарласан юм.

Үүнд Хятадын цахилгаан автомашинд Канадын зах зээлийг нээх тохиролцоо багтсан байна.

Тухайн үед Трамп уг гэрээг “сайн зүйл” гэж сайшааж байсан юм.

Өчигдрийн мэдэгдэлдээ Трамп хойд хөршийнхөө удирдагчийг “Мужийн захирагч Карни” хэмээн хочлоод “хэрвээ тэр Канадыг Хятадын АНУ-д илгээсэн бараа бүтээгдэхүүнийг буулгах боомт болгох гэж байгаа бол том андуурч байна” гэж анхааруулжээ.

Өнгөрсөн онд Трамп хойд хөршөө анх удаа импортын татвар ногдуулахдаа Канадыг АНУ-ын 51 дэх муж, Карнийг “мужийн захирагч” хэмээн тохуурхаж байсан юм.

Сүүлийн саруудад хоёр улсын харилцаа сайжирсан ч Гринланд арлыг нэгтгэх гэсэн Трампын оролдлого, үүнээс үүдэлтэй НАТО-той үүссэн зөрчил зэрэг нь дахин муутгаад байгаа.

Давост үг хэлэхдээ Карни шууд нэрийг нь дурдаагүй ч АНУ-ын тэргүүлсэн дэлхийн дэг журмыг эвдэж байгааг шүүмжилсэн юм.

Түүний дараа Давост үг хэлэхдээ Трамп “Канад бол АНУ-ын хүчинд оршин тогтнож байгаа улс” хэмээн хариугаа авч байв.

Улмаар Баасан гарагт тэр өөрийн санаачилсан “Энх Тайвны Зөвлөл” байгууллагад Канад улсыг гишүүнээр элсүүлэх урилгаа цуцалсан юм.

Ши Жиньпин, Карни нарын тохиролцооны дагуу Канад улс Хятадын цахилгаан автомашины импортыг хөнгөвчлөхөөр болсон бол Хятадын тал Канадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг бууруулахаар болсон байна.

Үүнийг сэтгүүлчдэд мэдээлэхдээ Карни “дэлхий ертөнц өөрчлөгдөж байна”, Хятад, Канадын харилцаанд гарсан дэвшил нь “дэлхийн шинэ дэг журамд тааруулсан алхам юм” гэж тайлбарлаж байлаа.

Тэр бас Канад улсын Хятадтай харилцах харилцаа АНУ-тай харилцахаас илүү “урьдчилан таамаглах боломжтой” болсныг нэмж хэлсэн юм.

Трампын хойд хөршдөө үзүүлж буй дарамт шахалт Канадыг Хятадтай илүү ойртох шалтгаан болсон гэж ажиглагчид үзэж байгаа.

Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсний дараахан Трамп хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрт хамрагдаагүй Канадын бүх бараа бүтээгдэхүүнд 35 хувийн импортын татвар ногдуулах шийдвэр гаргасан нь одоо АНУ-ын эрх бүхий байгууллагуудаар хянагдаж байгаа юм.

Пүрэв гарагт Трампын хэлсэн үгийн хариуд Карни “Канад, АНУ хоёр олон арван жилийн гайхалтай түншлэлийг бий болгосон. Гэхдээ Канад улс АНУ-ын хүчинд оршин тогтнодоггүй. Канад улс канадчуудын ачаар цэцэглэн хөгжиж байгаа юм” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC