Уншиж байна ...

Хятад улс хамгийн өндөр албан тушаалтай генералаа шалгаж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятадын батлан хамгаалах яам тус улсын хамгийн өндөр албан тушаалтай генералыг “сахилга бат, хууль тогтоомж ноцтой зөрчсөн” үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлснийг мэдээлжээ.

Ерөнхийлөгч Ши Жиньпиний хамгийн ойрын цэргийн хүн гэгддэг Жан Юсяг яг ямар хэрэгт буруутгасныг дээрх мэдэгдэлд дурдаагүй байна.

Хятадад төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж эхэлснээ зарлавал ихэнхдээ авлигатай холбоотой байдаг.

Яамны мэдэгдэлд бас өөр нэг генерал Лю Жэньлийг шалгаж эхэлснийг дурджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард тус улс есөн том генералаа албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд үүнийг сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд зэвсэгт хүчний дотор явуулсан томоохон цэвэрлэгээ гэж үзэж байгаа.

75 настай Жан Юся нь Хятадын Коммунист Намын нэг нэгж болох Цэргийн Төв Комиссын дэд дарга юм. Уг комиссыг Ши Жиньпин шууд удирддаг.

Генерал бас Коммунист Намын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс Төрийн Товчооны 24 гишүүний нэг юм.

Түүний эцэг Хятадын Коммунист Намын үүсгэн байгуулагчдын нэг.

Жан Юся 1968 онд армид анх алба хааж эхэлсэн бөгөөд Хятадын удирдагчдаас дайн байлдааны туршлагатай цөөн хүний нэг юм.

Тэрбээр тэтгэврийн насанд хүрсэн ч өндөр албан тушаал хашиж байсан нь Ши Жиньпин түүнд хэрхэн итгэл хүлээлгэж байсны илрэл гэдэг.

Өнгөрсөн сард болсон өндөр түвшний намын арга хэмжээнд Жан, Лю хоёр оролцоогүй тул тэднийг хэрэгт холбогдсон байж болзошгүй гэсэн цуу яриа тараад байжээ.

Ши Жиньпин төрийн эрхийг атгаснаасаа хойш салбар бүрд авлигын эсрэг тэмцэл явуулж эхэлсэн бөгөөд сүүлийн үед энэ нь цэрэг, армийн салбарт голчлон чиглэж байна.

Тэрбээр авлигыг Коммунист Намын “хамгийн том аюул занал” гэж нэрлэж, үүний эсрэг тэмцлээ “ноцтой бөгөөд нарийн төвөгтэй хэвээр байна” гэж мэдэгдсэн.

Дэмжигчид нь үүнийг засаглалаа сайжруулах арга зам гэж үзэж байгаа бол шүүмжлэгчид нь улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах хэрэгсэл гэж үздэг.

Хоёр генералыг шалгаж эхэлсний дараа Цэргийн Төв Комиссын долоон гишүүнээс ердөө хоёр хүн үлдэж байгаа нь түүний дарга Ши Жиньпин, армийн сахилгын асуудал хариуцсан гишүүн Жан Шэнминь нар болж байна.

 

Эх сурвалж: BBC