Уншиж байна ...

Төв Азийн “таван СТАН” улсын удирдагчид Япон улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр Токиод чуулж байна

Т.Давааням, ikon.mn
3 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газар хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван улсын удирдагчдыг өнөөдөр болон маргааш хоёр өдөр Токио хотод хүлээн авахаар болжээ.

Энэ нь Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргизстан, Туркменистан улсуудын байгалийн нөөц баялаг стратегийн ямар өндөр ач холбогдолтой болсныг харуулсан ээлжит үйл явдал юм.

Уг чуулганыг өнгөрсөн оны наймдугаар сард төлөвлөж байсан ч Японд хүчтэй газар хөдлөлт болж магадгүй болсонтой холбогдуулан хойшлуулж байжээ.

Энэ удаа Японы ерөнхий сайд Санае Такаичи болон дээрх таван улсын удирдагчид эрдэс баялгийн салбарт хиймэл оюуны технологийг ашиглахад хамтран ажиллах боломжийг хэлэлцэх гэнэ.

Мөн Төв Азийн бүс нутгийг Каспийн тэнгисээр дайруулан Европын зах зээлтэй холбох зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал яригдах төлөвтэй байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бас таван СТАН улсын удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байв.

Төв Азийн эдгээр орнууд ОХУ-тай уламжлалт түншийн харилцаатай байсан нь сүүлийн жилүүдэд суларч, Хятадын нөлөө нэмэгдэж байгаа.

Үүнтэй зэрэгцэн АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд нөлөөгөө өсгөхийг хичээж байна.

Токиогийн эрх баригчид бүр 2004 онд “C5+1” буюу “Төв Ази дээр нэмэх нь Япон” форматын дор анхны чуулганыг санаачилж байсан ч өнгөрсөн хугацаанд тодорхой ахиц дэвшил гараагүй юм.

“Энэ удаагийн чуулган Төв Азийн харилцаанд Япон улс буцаж ирж буйг харуулах байх” гэж Хоккайдогийн Их сургуулийн Слав-Евразийн Судалгааны Төвийн профессор Томохико Уяама ярьж байна.

Хятад улс Төв Азийн хамтын ажиллагааны хоёр дахь чуулганаа өнгөрсөн зургаадугаар сард Казахстанд зохион байгуулж байв.

Европын Холбоо анхны ийм чуулганыг дөрөвдүгээр сард Узбекистаны Самарканд хотод зохион байгуулсан юм.

Энэ үеэр Брюсселийн эрх баригчид 13.2 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх болсноо зарлаж байлаа.

 

Эх сурвалж: Kyodo News