Уншиж байна ...

Ирэх сарын 1-нээс Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус зорчино

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс мэдээлснээр ирэх сарын 1-нээс Офицеруудын ордноос Ботаникийн автобусны буудал хүртэлх авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус явуулахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн автобусны эгнээг бүрэн чөлөөлөх ажлыг хэрэгжүүлж, камержуулж, байгаа аж. Тус чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээний есөн чиглэлийн 88 автобус тогтмол зорчиж иргэдэд үйлчилдэг байна.

Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус чиглэлийн нийтийн тээврийн автобусны эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.10-р зүйл, Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3-р зүйлд заасны дагуу хариуцлага тооцохоор болжээ.

Зөрчлийн тухай хуульд зааснаар тээврийн хэрэгсэл байрлан явах журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгөөр торгодог байна.

Энэ оны наймдугаар сарын 25-наас хойш М1: Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусыг Энхтайвны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээгээр зорчуулж байгаа бөгөөд 2024 онд М1 чиглэлийн автобусны дундаж хурд 10.6км/цаг байсан нь 2025 онд 11.8км/цаг болж, нэмэгджээ.

Дараагийн ээлжид Нисэхийн тойргоос 120 буюу Тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус явуулах зохицуулалтыг эхлүүлэх бол цаашид 3, 4 дүгээр хорооллоос 100 айлын зам дагуу Цайз 16 хүртэлх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх аж.